Казахстан: Жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, гранат ашиглажээ
2022-01-05

Казахстанд нэгдүгээр сарын нэгний өдрөөс шингэрүүлсэн хийн түлшний үнэ хоёр дахин нэмэгдсэнтэй холбоотойгоор тус улсын олон хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж, улмаар жагсаалыг тараах гэсэн хууль сахиулагчидтай жагсагчид мөргөлдсөн тохиолдол гарсан талаар хэвлэлүүд мэдээлж байв. Гэхдээ хэвлэлүүдээр гарсан мэдээлэл бодит байдлын талаарх үнэн бодит, дэлгэрэнгүй мэдээллийг өгч чадахгүй, "аль болох бага мэдээлэл гадагш цацагдахад Казахстаны эрх баригчид анхаарсан" гэж жагсаалд оролцогч нэгэн Известия сонинд ярьжээ. 

 

Жагсаалд оролцогчийн өгүүлснээр, хэвлэлээр гарч буй мэдээлэл Алматы хотод болж буй үйл явдлыг бүхэлд нь илэрхийлж чадахгүй гэнэ. Олон нийтийн сүлжээгээр тархсан дүрс бичлэгүүд дээр харагдаж байгаагаас олон хүн жагсаалд оролцсон бол хууль сахиулагчид тэднийг тараахын тулд хатуу чанга арга хэмжээ авч байсан гэж оролцогч өгүүлжээ. 

 

"Телевизийн суваг, интернет, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үзүүлж байгаа дүрс бичлэгүүд нь нөхцөл байдлыг бүрэн харуулж чадахгүй, аль болох бага мэдээлэл л гаргах зорилготой. Яг үнэндээ тэнд ямар нэг юм дэлбэрч, нулимс асгаруулах хий ашиглаж байсан" хэмээн жагсаалд оролцогч "Известия" сонинд ярьжээ.

 

Түүнчлэн жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласны улмаас зөвхөн жагсагчид төдийгүй ойролцоо явж байсан эмэгтэйчүүд, хүүхдүүд, ахмад настнууд үүнд өртсөн гэнэ. 

 

Эмх замбараагүй байдал үүссэн нь 

 

Нэгдүгээр сарын нэгний өдрөөс шингэрүүлсэн хийн үнэ хоёр дахин нэмэгдэх болсныг эсэргүүцэн тайван жагсаж эхэлсэн эсэргүүцлийн ажиллагаа яваандаа эмх замбараагүй байдал болон хувирсан юм.

 

Нэгдүгээр сарын дөрөвний үдэш Алматы хотын төвд эмх замбараагүй байдал үүсэн, жагсагчид цагдаагийн машины шилийг хагалж, шатааж, хууль сахиулагчдыг зодон, тэдэн рүү лонх шидэж эхэлсэн байна. Энэ үеэр талбай дээр мянга орчим хүн цугласан байжээ.

 

Жагсагчид ийнхүү эмх замбараагүй байдал үүсгэсэн тул хууль сахиулагчид тэднийг тарааж, талбайгаас шахан гаргасан байна. Мөн энэ үеэр дуут гранат, нулимс асгаруулагч хий ашигласан байна.

 

Зарим эх сурвалжийн мэдээлснээр, Алматы хотын төв рүү хуягт техникүүд татаж байгаа аж. Нэгдүгээр сарын дөрөвний орой дэлбэрэх чимээ сонсогдсоор байсан гэж гэрчүүд өгүүлсэн байна. Энэ дэлбэрэлт нь жагсагчдыг тараах зорилгоор ашигласан дуут гранатын чимээ бололтой. 

 

Ийнхүү үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал яваандаа Назарбаевын дэглэмийг эсэргүүцсэн жагсаал болж хувиран, эмх замбараагүй байдалд хүрсэн юм. Нөхцөл байдал хурцдах тийшээ хандах үед засгийн газар нь буулт хийж, хийн үнийг буулгахаар болсон ч казахстанчууд тайвширсангүй. Тиймээс нэгдүгээр сарын тавнаас есний хооронд Алматы хот, Мангистауск мужид онц байдал тогтоожээ. Түүнчлэн нэгдүгээр сарын тавны өглөө Казахстаны Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон юм.

 

Казахстанд хөл хорих цаг тогтоож, жагсаал зохион байгуулахыг хориглов

Хийн үнийг эсэргүүцэн 3 өдөр жагссан казахстанчууд санасандаа хүрэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин