Казахстан: Хий, бензиний үнийг төрөөс зохицуулна
2022-01-05

Казахстанд нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн шингэрүүлсэн хийн үнэ хоёр дахин нэмэгдсэнийг эсэргүүцсэн олон нийт жагсаал зохион байгуулж, улмаар олон хотыг хамарсан эсэргүүцлийн жагсаал эмх замбараагүй байдал болон хувирсан юм. Түүнчлэн энэ үйл явдлын улмаас Засгийн газар нь огцорч, хоёр бүс нутагт онц байдал тогтоосон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Хийн үнийг эсэргүүцэн 3 өдөр жагссан казахстанчууд санасандаа хүрэв
Казахстан: Жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, гранат ашиглажээ

Байдал төдийлөн намжаагүй тул төрөөс шингэрүүлсэн хий, бензин, дизель түлшний үнийг зохицуулахаар болсон байна. Энэ зохицуулалт 180 хоног үргэлжилнэ гэж Регнум агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, мөн хугацаанд орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний тарифыг нэмэгдүүлэхгүй байхаар болсон гэж Казахстаны Ерөнхийлөгч  Касым-Жомарт Токаев мэдэгджээ. Түүгээр ч зогсохгүй хүнсний нэн хэрэгцээт бүтээгдэхүүний өртгийг төрөөс зохицуулахаар болсон байна.

 

Казахстаны Ерөнхийлөгч нэгдүгээр сарын тавны өдөр тус улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар зөвлөгөөн зохион байгуулжээ. Тэрбээр энэ үеэр Засгийн газраа шүүмжилж, тэдний үйл ажиллагаа нь өнөөгийн олон нийтийн эсэргүүцэл дэгдэх нөхцлийг бүрдүүлсэн хэмээн буруушаасан байна. Тэр дундаа, 2021 оны зургадугаар сард Казахын ний боловсруулах үйлдвэр дээр суурилан үйлдвэр барихыг тушаасан ч өнөөдөр гагцхүү техник эдийн засгийн үндэслэл нь л бэлэн болсныг Токаев шүүмжилжээ.

 

Ингээд Казахстанд үүссэн нөхцөл байдлыг тогтворжуулах үүднээс дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Ерөнхийлөгч санал болгожээ.

- газрын тосны бүтээгдэхүүнүүдийн үнийг 180 хоногийн хугацаанд төрөөс зохицуулах

- нэн хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүний үнийг төрөөс зохицуулах бөгөөд хугацааг бүс нутгийн удирдлагууд тогтоох

- орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний тарифыг нэмэгдүүлэхийг 180 хоногийн хугацаанд зогсоох

- эрүүл мэнд, хүүхдийн асуудал шийдвэрлэх "Казахстаны ард түмэнд зориулсан сан" байгуулах

 

Казахстаны хэвлэлүүдийн мэдээлснээр, одоо нөхцөл байдал хяналтад орсон өгөөд өнөөдрөөс эхлэн онц байдлын дэглэм, хөл хорих цаг үйлчлэх юм байна. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин