REGNUM: Алматыд цэргийнхэн, жагсагчид буудалцаж байна
2022-01-06

Казахстанд эмх замбараагүй байдал үргэлжилсээр байгаа бөгөөд тус улсын Алматы, Нурсултан зэрэг хотуудад интернет болон утасны сүлжээг тасалсан гэнэ. 

 

Регнум агентлагийн мэдээлснээр, нэгдүгээр сарын зургааны өдөр Алматы хотын захиргааны ойролцоох талбай дээр эмх замбараагүй байдлын оролцогчид болон цэргийн алба хаагчдын дунд буудалцаан эхэлжээ. "Талбай дээр цэргүүд ирсэн, эмх замбараагүй байдлыг турхирагчдыг "цэвэрлэж эхэллээ" хэмээн Регнум агентлагийн сурвалжлагч дамжуулжээ. 

 

Энэ явдлаас өмнө, Казахстаны хүчний байгууллагынхан Нур-Султан хот дахь захиргааны байгууллагуудын хамгаалалтыг нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн дэд бүтцийн дагуух объектууд болон "Нурсултан Назарбаев" нисэх буудлыг хамгаалалтад авчээ.

 

Sputnik Казахстан хэвлэлийн сурвалжлагчийн мэдээлснээр, Алматы хотын Бүгд найрамдах улсын талбай дээр цэргийн 50 техник байрлаж байгаа гэнэ. Тэдгээрийн дунд хуягт машинууд, цэргийн ачааны машинууд байгаа бол зэвсэглэсэн цэргийн алба хаагчид талбайг тойрон огссон байна. 

 

Талбай дээр "200 орчим зэвсэгт үймээн дэгдээгч байгаа, зарим нь галт зэвсэгтэй, хэдэнтээ буун дуу гарсан, гэхдээ цэргүүд буудаагүй" хэмээн сурвалжлагч мэдээлжээ. 

 

Нэгдүгээр сарын зургааны өглөө Алматы хотод байдал намжсан гэж зарим эх сурвалж мэдээлсэн байна. Гэхдээ өнгөрсөн шөнө энэ хотод ноцтой хохирол учиржээ. Үймээн дэгдээгчид дээрэм, тонуул хийсэн талаар 150 гаруй мэдээлэл ирсэн байна. Бизнесийн байгууллагууд төдийгүй эмнэлэг, төрийн байгууллага, нисэх буудал, зэвсгийн дэлгүүрүүд ч халдлагад өртжээ. Нур-Султаны нисэх буудал дээр 12:00 цаг хүртэл бүх нислэгийг цуцалсан байна.

 

Хүний амь ч эрсдэв 

 

Нэгдүгээр сарын таванд болсон үймээний үеэр хүний амь нас эрсджээ. Регнум агентлагийн мэдээлснээр, эмх замбараагүй байдлын үеэр найман хүн амиа алдаж, 300 гаруй хүн шархдсан байна. 

 

Тодруулбал, амиа алдсан найман хүн нь цагдаа, Үндэсний гвардын цэргийн алба хаагчид байжээ. Түүнчлэн хэд хэдэн хотод болсон эмх замбараагүй байдлын үеэр гэмтэж бэртсэн хүний тоо нийтдээ 317-д хүрсэн байна.

 

Эмх замбараагүй байдлыг далимдуулан дэлгүүр, банк дээрэмдэх оролдлогууд ч гарсан гэнэ. Алматы хот дахь банкны барилга руу нэвтрэхийн тулд бульдозер ашигласан талаар Медуза дамжуулжээ. Үймээн үүсгэгчид 120 гаруй машин шатаасны дотор цагдаа, эмнэлгийн машинууд байсан гэж ТАСС агентлаг мэдээлсэн байна

 

Казахстанд энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэнэ

Казахстан: Эсэргүүцэгчид цагдаа нарыг зодож, Ерөнхийлөгчийн ордныг галдав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин