Huyndai, Kia-ийн машинууд шатах аюултайн улмаас зах зээлээс эргүүлэн татна
2022-02-09


Hyundai болон Kia компаниуд хагас сая орчим автомашиныг зах зээлээс эргүүлэн татахаар болжээ. CNN агентлагийн мэдээлснээр Hyundai 357 мянга, Kia 126 мянган автомашиныг эргүүлэн татахаар болсон байна. 

 

Энэ хоёр компанийн машин эзэмшигчдийг гаражид эсвэл барилга байшинтай ойр машинаа зогсоохгүй байхыг анхааруулсан бөгөөд учир нь машин шатах аюултай гэж сэрэмжлүүлжээ. Тодруулбал, энэ хоёр компани үйлдвэрлэсэн автомашиныхаа антиблок системийн компьютер удирдлагын модульд гэмтэл илрүүлсэн байна. Энэ гэмтлийн улмаас богино холболт үүсэж, автомашин ажиллаж байгаа, унтарсан байгаа эсэхээс үл хамааран гал гарч болзошгүй гэнэ.

 

Улмаар Hyundai компани 2016-2018 оны хооронд үйлдвэрлэсэн Santa Fe, 2017-2018 онуудад үйлдвэрлэсэн Santa Fe Sport, 2019 оны Santa Fe XL , 2014-2015 онуудад үйлдвэрлэсэн Tucson машинуудыг эргүүлэн татахаар болсон байна. Харин Kia компани 2016-2018 онуудад үйлдвэрлэсэн K900 седан, 2014-2016 онуудад үйлдвэрлэсэн Sportage машинуудыг эргүүлэн татах гэнэ. Энэ хоёр компанийн мэдээлснээр дээрх гэмтлийн улмаас машин шатсан гурван тохиолдол бүртгэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин