Ханхүү Эндрю хүчирхийллийн хэргээ зохицуулахын тулд 16 сая доллар төлнө
2022-02-16

Их Британийн хатан хаан II Елизаветагийн хүү, ханхүү Эндрюг Америкийн иргэн Виржиния Жуффре гэх эмэгтэй хүчингийн хэрэгт буруутгасан юм.

 

Энэ хэргийг шүүхээр оруулалгүй, наана нь талууд тохиролцон зохицуулахаар болсон талаар хэвлэлүүд мэдээлсэн байна. Үүний тулд ханхүү Эндрю Виржинияд 16 сая доллар төлөхөөр болсон талаар The Daily Telegraph сонин мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хэдэн сая фунтээр үнэлэгдэх хуульчдын зөвлөгөө тусламжийн төлбөрийг төлөхөд нь хүүдээ тусалсан 95 настай хатан хаан нэхэмжлэгч талд төлөх их хэмжээний мөнгөн дүнгээс ч төлөлцөхөөр болсон гэнэ.

 

Учир нь цэргийн тэтгэврээрээ амьдардаг, жилд 430 мянган ам.доллар орчим тэтгэмжийг хатан хаанаас авдаг Эндрюгийн хувьд дээрх  төлбөрийг төлөхөд хүндрэлтэй гэж эх сурвалж мэдээлсэн байна. Түүнчлэн Жуффрегийн нэхэмжлэлийн улмаас ханхүү Эндрю өөрийн цорын ганц хөрөнгө болох, 2014 онд ипотекээр ээжийнхээ тусламжтайгаар авч байсан, Швецайрын Вербье дэх байшингаа худалдахаас аргагүй болж байсан гэнэ.

 

 

 

Хэргийн талаар сануулахад, 20 жилийн тэртээ өсвөр настай байхад нь ханхүү Эндрю хүчирхийлсэн гэж Америкийн иргэн эмэгтэй гомдол гаргасан.  Эндрю энэ хэрэгт холбогдсоны улмаас цэргийн бүхий л цол хэргэм, хатан хааны ивээлээ алдсан юм.

 

Ханхүү Эндрюгийн эсрэг гомдол гаргасан хүн нь Америкийн иргэн, 38 настай Виржиния Жуффре. Тэрбээр 20 жилийн өмнө Британийн ханхүү Эндрю түүнийг хүчирхийлсэн гэж буруутган, 2021 оны наймдугаар сард АНУ-ын шүүхэд гомдол гаргасан. Өдгөө Австралид нөхөр, гурван хүүхдийн хамт амьдарч байгаа Жуфре 20 жилийн өмнө Америкийн бизнесмен Жеффри Эпштейний золиос болсон бөгөөд тэрхүү бизнесмен бүсгүйг ханхүүтэй холбосон гэнэ.

 

Жуфрегийн өгүүлснээр, 2001 онд түүнийг ердөө 17 настай байхад II Елизавета хатан хааны хүү хүсэл зоригийнх нь эсрэг бэлгийн харилцаанд гурвантаа орсон байна. Тиймээс Жуфре өдгөө 61 настай ханхүүгээс бие махбодь болон сэтгэл санааны хохирлын төлөө нөхөн төлбөр шаардаж байгаа юм.

 

Йоркийн гүн Эндрю 17 настай охинтой бэлгийн харилцаанд орсон гэх мэдээллийг үргэлж няцааж байлаа. Тэрбээр Жуфретэй хэзээ ч уулзаж байгаагүй, харин Эпштейнтэй хамт тэдний авахуулсан зураг нь эвлүүлэг гэж мэдэгдэж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин