Украинд бүх нийтийн дайчилгаа үргэлжилж байна
2022-03-03

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Орос довтолж эхэлсэнтэй холбоотойгоор бүх нийтийн дайчилгааг хоёрдугаар сарын 24-ний өдөр зарласан. Энэ дайчилгаа 90 өдөр үргэлжлэх юм. 

 

Украины "Апостроф" хэвлэлийн мэдээлснээр, тус улс даяар Зэвсэгт хүчний эгнээг шуурхай зузаатгах арга хэмжээ үргэлжилж байгаа гэнэ. Энэ дайчилгаа дөрвөн үе шаттайгаар үргэлжлэх аж.

 

Эхний шатанд, шуурхай бэлтгэл нөөц хүчийг дайчлах юм байна. Тодруулбал, цэргийн туршлагатай, армид гэрээгээр алба хаасан эсвэл өмнөх дайчилгааны үеэр алба хаасан, өмнө нь цэргийн алба хаагч байсан 40 хүртэлх насныхныг дайчилж байгаа аж.

 

Үүний дараа, хоёрдугаар шатанд, 2014 он хүртэл хугацаат цэргийн алба хаасан эсвэл гэрээгээр алба хаасан цэргийн алба хаагчдыг дайчлах юм байна. 

 

Гуравдугаар шатанд, их дээд сургуулийн цэргийн тэнхимийг бэлтгэл офицероор төгссөн, өмнөх дайчилгааны үед татагдаагүй цэргийн үүрэгтэн иргэдийг татах аж.

 

Харин дөрөв буюу сүүлийн шатанд улсын бүх иргэдийг цэрэгт татах бөгөөд энэ үед нас, бие бялдрын хязгаарлалт хамаарахгүй гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин