Дэвид Бекхэм Инстаграм, Фейсбүүк хаягаа Украины эмчид өгчээ
2022-03-21

Хөлбөмбөгчин Дэвид Бекхэм 71,5 сая дагагчтай Инстаграм болон Фейсбүүк хуудсаа Украины Харьков хотын эмч Ирина Кондратовад өгчээ. Энэ нь дайны үед эмч нар ямар нөхцөлд ажиллаж байгааг дэлхий нийтэд харуулах боломж олгох зорилготой байсан гэнэ. 

 

"Өнөөдөр би олон нийтийн сүлжээн дэх хаягуудаа Харьков хотын төрөх эмнэлгийн эрхлэгч Иринад өгч байна. Ирина болон бусад эмнэлгийн ажилтнуудын хийж буй гайхалтай үйлс, тэд Украинд хүний амь насыг аврахын тулд хэрхэн ажиллаж байгааг энэ хаягнаас хараарай. ЮНИСЕФ болон Ирина шиг хүмүүсийг дэмжихийн тулд бүхнийг хийхийг та бүхнээс хүсье" хэмээн Дэвид Бекхэм бичжээ.

 

Иринна эмчийн өгүүлснээр, тэрбээр энх цагт хүүхдийн мэдээгүйжүүлэлтийн эмчээр ажиллаж байсан гэнэ. Дайн эхэлсэн эхний өдрөөс эхлээд л жирэмсэн эмэгтэйчүүд болон ээжүүдийг эмнэлгийн хонгил руу шилжүүлэн, тэнд эмчлэх болсон гэж Ирина ярьжээ.

 

"Харамсалтай нь бид эрчимт эмчилгээний тасагт байгаа нярай хүүхдүүдийг хонгил руу зөөх боломжгүй байна. Учир нь тэд байнга амьсгалын аппратад залгаатай байх ёстой" хэмээн Ирина өгүүлжээ.

 

Түүний өгүүлснээр, дайны эхний өдрүүдэд бөмбөгдөлт, пуужингийн цохилтын үеэр ажиллаж сурахаас өөр арга байгаагүй нь нэн хүнд байсан бөгөөд одоо долоо хоногт, 24 цагаар эмнэлэг дээрээ ажиллаж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин