Хөл хорио тогтоосон Шанхайд COVID-19 тохиолдол дахин нэмэгджээ
2022-04-04

Хятадын Шанхай хотыг бүрэн хөл хорионд оруулсан ч коронавирусийн халдварын тохиолдол дахин нэмэгдсэн талаар Глобал Таймс мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, бямба гарагт энэ хотод 438 батлагдсан тохиолдол, шинж тэмдэггүй тохиолдол 7788 бүртгэгдсэн талаар ням гарагт Хятадын эрүүл мэндийн газрын төлөөлөгчид мэдэгдсэн байна. Энэ нь өмнөх өдрүүдтэй харьцуулахад өссөн дүн аж. Хэдийгээр зарим оронтой харьцуулахад энэ тоо бага санагдаж болох ч 2019 оны сүүлээр Ухань хотод вирус илэрч байснаас хойш өдөрт бүртгэгдэх хамгийн өндөр тохиолдол нь Шанхайд өнөөдөр бүртгэгдэж буй тохиолдол болж байгаа юм.

 

Өнгөрсөн долоо хоногт, 26 сая хүн амтай Шанхай хотыг хоёр үе шаттайгаар хөл хорионд оруулсан юм. Түүнчлэн хотын бүх оршин суугч өдөр бүр өөрсдөө түргэвчилсэн шинжилгээгээр коронавирусийн халдвартай эсэхээ шалгах ёстой болсон байна. Шанхай хотын зүүн дүүрэг болох Пудун дүүргийн оршин суугчдыг хүнс худалдан авах зорилгоор баасан гарагт гэрээсээ гарахыг зөвшөөрсөн бол баруун дүүрэг болох Пусигийн оршин суугчид дөрвөн өдрийн турш бүрэн хөл хорионд оржээ. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин