Улаанбаатарт болох бодибилдингийн тэмцээнд БНСУ-ын 200 тамирчин оролцоно
2022-06-24

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө БНСУ-ын бодибилдингийн алдарт тамирчин Хан Чолсуныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Монголын Бодибилдинг, фитнесийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Батзориг тэргүүтэй холбогдох албаныхан оролцсон юм. Уулзалтаар 2022 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо “Chulsoon classic-2022” олон улсын бодибилдингийн тэмцээнийг хамтран зохион байгуулах талаар санал солилцов.

 

 

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Манай улсад бодибилдингийн спорт 1990-ээд оны эхэн үеэс хөгжиж, 1993 оноос олон улсын томоохон тэмцээнүүдэд манай баг тамирчид оролцож байсан. Монголын тамирчдын оролцсон хамгийн анхны тэмцээн БНСУ-ын Пусан хотод болж байсан гэдэг. "Chulsoon classic-2022" бодибилдингийн тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаад баяртай байна. Уг тэмцээн нь олон улсын шилдэг тамирчид болоод жуулчдыг татан, тэдэнд хотоо сурталчлах зэргээр аялал жуулчлалын салбарт томоохон давуу тал бий болгоно гэж харж байгаа. Тиймээс нийслэлийн зүгээс тэмцээний зохион байгуулалтад шаардлагатай дэмжлэг үзүүлэн ажиллана” гэв.

 

 

БНСУ-ын бодибилдингийн тамирчин Хан Чолсун “Би Монгол Улсад гурав дахь удаагаа ирж байгаа. Ирэх бүрд л сэтгэл хөдөлгөм сайхан орон шиг санагддаг. Олон улсын бодибилдингийн тэмцээнийг Азийн олон оронд зохион байгуулж байсан. Монгол Улс бол “Ковид-19” цар тахлаас маш хурдан ангижирч чадсан орнуудын нэг тул энэ удаагийн тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар сонгосон” хэмээлээ.

 

Есдүгээр сард зохион байгуулах “Chulsoon classic-2022” олон улсын бодибилдингийн тэмцээнд урьдчилсан байдлаар БНСУ-ын 200 тамирчин оролцохоор болжээ.

 

 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин