АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Азид хийх айлчлалаа эхлүүлэв
2022-08-01

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Азийн орнуудад хийх айлчлалаа эхлүүлжээ. Энэ айлчлалын хүрээнд тэрбээр Сингапур, Малайз, Өмнөд Солонгос, Япон улсад зочлох юм.

 

Пелоси энэ айлчлалынхаа үеэр Тайваньд зочилно гэсэн мэдээлэл өмнө нь гарч, улмаар Хятадын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсан. Харин айлчлалын хөтөлбөрт Тайваньд зочилно гэдгийг баталсан албан ёсны мэдээлэл багтаагүй байна. 

 

Пелоси Тайваньд айлчилж болзошгүй сургаар Хятадын эрх баригчид ихээхэн эсэргүүцэж, түүнийг Тайваньд айлчлах юм бол АНУ-ыг ноцтой үр дагавар хүлээж байгаа, шийдэмгий арга хэмжээ авна гэж БНХАУ анхааруулж байв. 

 

БНХАУ-ын эрх баригчид АНУ болон Тайванийн харилцааг эрс эсэргүүцдэг бөгөөд Тайванийг өөрийн нэг муж гэж үздэг тэд Тайванийг аливаа оронтой харилцаа тогтоох нь "нэг Хятад" бодлогыг зөрчиж байгаа хэрэг гэж үздэг. Энэ жил Америкийн конгрессын төлөөлөгчид Тайваньд гэнэтийн айлчлал хийсэн нь АНУ, Хятадын хоорондын харилцаанд сэв суулгаж, Хятадын тал Тайванийн орчим удаа дараа цэргийн сургуулилалт хийсний дээр энэ арал руу цэргийн онгоцуудыг хөөргөж байсан юм. Улмаар Пелосиг айлчлах сургаар дахин арлын орчимд цэргийн сургуулилалт хийж, цэргүүдээ бэлэн байдалд оруулж байлаа.

 

Энд дуулгахад, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүнүүд дундаас хамгийн сүүлд Тайваньд зочилсон хүн нь Ньют Гингрич юм. Тэрбээр 1997 онд Тайваньд айлчилж байлаа. АНУ-ын Үндсэн хуулийн дагуу, Төлөөлөгчдийн танхимын тэргүүн нь тус улсын гурав дахь том албан тушаалтан бөгөөд аливаа шалтгаанаар ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөлд Төлөөлөгчдийн танхимын тэргүүн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэдэг юм. 

 

Азид хийх энэ удаагийн айлчлал нь "бүс нутаг дахь холбоотон болон анд нөхөддөө Америкийн тууштай байдлыг илэрхийлэх зорилттой" гэж Нэнси Пелоси Твиттер хуудсандаа бичиж байв. Пелосигийн хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд энэ удаагийн айлчлал нь "харилцан аюудгүй байдал, эдийн засгийн түншлэл, ардчилсан удирдлагад" гол анхаарлаа хандуулах бөгөөд айлчлалын явцад худалдаа, цаг уурын хямрал, хүний эрх зэрэг сэдвүүдийг хөндөх аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин