Унгарын томоохон зочид буудал эрчим хүчний хямралын улмаас үүдээ барьжээ
2022-10-19

Европын орнуудад эрчим хүчний хямрал нүүрлэж, улс орнууд эрчим хүчээ хэмнэхийг иргэддээ уриалахын дээр зарим хотын худалдааны төвүүдийн урсдаг шатыг зогсоох, шөнийн цагаар барилгуудын гадна гэрэлтүүлгийг унтраах зэргээр цахилгаанаа хэмнэх алхам хийж байгаа юм. 

 

Ийм орнуудын нэг болох Унгар улс томоохон зочид буудлыг хаахаар болжээ. Евроньюс агентлагийн мэдээлснээр, Будапешт хотод байх Danubius Hotel Hungaria зочид буудлыг цахилгаан эрчим хүчний үнэ өндөр, зардал ихтэй байгаагийн улмаас 11 дүгээр сараас эхлэн өвөл дуустал  хаахаар болжээ. Ингэснээр 500 орчим өрөөтэй том зочид буудлын зардлыг хэмнэхээр болсон байна. 

 

Энэ буудалд өрөө захиалсан зочдыг Будапештийн өөр буудлуудад хуваарилна гэж компани мэдэгджээ. Өмнө нь Унгарын Мишкольц хотод байх усанд шумбах газрыг мөн л эрчим хүчний хямралын улмаас тодорхойгүй хугацаагаар хааж байсан бол бусад энэ төрлийн амралтын газрууд үнээ 15 хувиар нэмсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин