Орос, Хятадын бараа эргэлт өсжээ
2022-10-25

ОХУ, БНХАУ-ын бараа эргэлт 2022 оны гурван улиралд гуравны нэгээр өсөж, 136 тэрбум ам.долларт хүрсэн талаар Оросын гаалийн газраас авсан эх сурвалжтайгаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Оны эцэс гэхэд хоёр орны бараа эргэлт 170-180 тэрбум ам.долларт хүрч нэмэгдэх магадлалтай гэж Оросын Холбооны гаалийн албаны нэгдүгээр орлогч Руслан Давыдов мэдэгдсэн байна. Өмнөх онд ч энэ үзүүлэлт өссөн дүнтэй гарчээ. Тодруулбал, 2021 оны дүнгээр хоёр орны бараа эргэлт 147 тэрбум долларт хүрсэн нь 2020 онтой харьцуулахад 35,8 хувиар өссөн аж. 

 

Хоёр орны төрийн тэргүүн өмнө нь хэлэлцээ хийхдээ 2018 онд 100 тэрбум доллар байсан бараа эргэлтийг 2024 он гэхэд 200 тэрбум долларт хүргэх зорилт тавьж байсан. Харин энэ оны хоёрдугаар сард хэлэлцээ хийснийхээ дараа бараа эргэлтийг жилд 250 тэрбумд хүргэх шинэ зорилт тавьж байв.

 

Хятад улс энэ оны эхний гурван улиралд Орос руу 52 тэрбум долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн бөгөөд Хятадаас голчлон ухаалаг утас, генератор, эксковатор, чингэлэг зэрэг барааг Орос руу экспортолдог юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин