Хятадад залуучуудын дунд ажилгүйдэл нэмэгджээ
2022-11-14

Хятадын залуучуудын дунд ажилгүйдэл нэмэгдэж байгаа талаар SCMP сонин мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, гуравдугаар улиралд Хятадын зах зээл дээр их дээд сургууль төгсөгчдийг ажилд авах зар 12,2 хувиар буурсан байна. 

 

Хятадад уян хатан нөхцөлтэй ажил эрхлэгч буюу албан ёсоор ажилд ороогүй, байнгын бус орлогоор амьдардаг хүмүүсийн тоо 200 саяд хүрчээ. Мөн залуу мэргэжилтнүүдийн дунд цалингийн хүлээлтийн төвшин буурсан бөгөөд одоо тэнд сард 6295 юань буюу 868 долларын цалинтай ажиллахад бэлэн байгаа гэж Хятадын ажил эрхлэлтийн асуудал хариуцсан хүрээлэнгийн тайланд өгүүлжээ. 

 

Залуусын дунд хөдөлмөр эрхлэлт буурч байгаа нь цар тахлын улмаас Хятадад бизнесийн идэвх буурсантай холбоотой гэнэ. Өнгөрсөн сард гэхэд л Хятадад үйлдвэрлэл хумигдсан гэсэн дүн гарсан байна. Түүнчлэн хэрэгцээт мэргэжлээр төгсөх хүний тоо бага байгаа талаар эдийн засагчид онцолж байна. Хятадад үйлдвэрлэлийн салбарт мэргэжилтэн ихээр дутагдаж байгаа бол их дээд сургууль төгсөгчдийн ихэнх нь интернет, холбоо харилцаа, медиа, санхүү, үл хөдлөх, барилгын салбарын мэргэжилтнүүд байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин