Хурцадмал байдлын улмаас Тайвань цэргийн алба хаах хугацааг нэмнэ
2022-12-28

Сүүлийн үед Хятад, Тайванийн харилцаа хурцадмал байдалд шилжиж, арлын орчимд болон агаарын орон зай руу Хятадын армийн онгоц, хөлгүүд ойртон, нэвтрэх нь олширсон. Нөхцөл байдал ийнхүү хурцадсан нөхцөлд Тайвань батлан хамгаалахын салбарт өөрчлөлт оруулж, аюулгүй байдлаа хангахаар болжээ. 

 

SCMP сонины мэдээлснээр, Тайванийн эрх баригчид цэргийн алба хаах хугацааг нэмэхээр болсон байна. 2024 оноос эхлэн цэргийн алба хаах хугацааг нэг жил болгон сунгахаар болжээ. Одоо цэргийн алба хаах хугацаа дөрвөн сар байдаг аж. Хугацаат цэргийн албанд 18-аас дээш насны эрчүүдийг татах бөгөөд хугацаат цэргийн алба хаагчдад олгох сар бүрийн төлбөр 211 доллар байсныг гурав дахин нэмж, 651 доллар болгохоор болжээ. 

 

Ийм алхам хийснээр Тайванийн эрх баригчид батлан хамгаалах хүчний бэлэн байдлын төвшнийг нэмэгдүүлэх зорилготой аж. Тайванийн захиргааны эх сурвалжийн мэдээлснээр, шинэчилсэн хөтөлбөрт АНУ-д ашиглагддаг байлдааны зааварчилгаа багтахын дээр шаардлагатай нөхцөлд хэрхэн тулааны ажиллагаа явуулах талаар хугацаат цэргийн алба хаагчдад заах юм байна. Одоо энэ арлын батлан хамгаалах хүчний бие бүрэлдэхүүнд 165 мянган цэргийн алба хаагч байдаг бол Хятадын Ардын чөлөөлөх арми хоёр сая алба хаагчтай юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин