Турк, Сирид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 15 мянгад хүрлээ
2023-02-09

Даваа гарагт Турк, Сирийн нутагт хүчтэй газар хөдлөлтт болж, олон мянган барилга байшин нурж, хүмүүс амиа алдсан юм. Байгалийн гамшгийн цар хүрээ өргөн байсан тул хохирогчдын тоо цаг тутамд нэмэгдэж байна. 

 

Пүрэв гарагийн байдлаар, Турк, Сирид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 15 мянгад хүрсэн байна. Туркэд 12 391 хүн амиа алдаж, 62 914 хүн бэртэж гэмтсэн гэж Туркийн Онц байдлын газраас авсан эх сурвалжтайгаар Анадолу агентлаг мэдээлжээ. Харин AFP агентлагийн мэдээлснээр, Сирид амиа алдагсдын тоо 2992 болсон байна. 

 

Эргэн сануулахад, хоёрдугаар сарын зургааны өдөр Туркэд 7,8 болон 7,7 магнитудын хүчтэй хоёр газар хөдлөлт болж, энэ нь Сирийн зарим бүс нутгийг ч хамарсан юм. Даваа гарагт болсон энэхүү газар хөдлөлт нь Туркэд 1939 оноос хойш тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлт гэж судлаачид онцолж байна. Газар хөдлөлтийн улмаас Туркэд хоёрдугаар сарын 12-ныг хүртэл долоо хоногийн хугацаатай үндэсний хэмжээний гашуудал зарласан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин