Ашиг сонирхлын халхавч буюу малчдын шантааж
2023-03-15

Уул уурхай эхлэх сургаар орон нутгийн удирдлагын манлайлсан малчид нийслэлд ирж, хэвлэлийн хурал зарладаг ужиг үүсээд удлаа. Тэдний ярьдаг зүйл нь мал гишгэх газаргүй, малчид нутаглах боломжгүй боллоо гэх. Уул уурхай гэх “хадны мангас” газар нутгийг нь залгих мэтээр ярьж, аврал эрэн халаглана.

 

 

Ээлжит ийм хэвлэлийн хурал энэ сарын 13-ны өдөр боллоо. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Бүрд сумын малчид мөн л уул уурхай гэх “хадны мангас”-ын талаар ярьж, хууль хяналтын байгууллагад хандахаар нийслэлд ирж. Малчид гэхэд тэд тун нарийн мэдээлэлтэй иржээ, хэн нэгэн хэлж заагаад өгсөн мэт. Линценз, орд газрын тухай, ямар талбайг хамарсан, хэний эзэмшлийн, цаашлаад хууль тогтоомжийн талаар ч багагүй зүйл ярьжээ. Тухайн орд газар руу нүд, шүлсээ унагасан өөр нэгний явуулга аятай тун нарийн мэдээллийг өгч, хуулийн байгууллагад очих гаргалгааг ч тодорхой болгож, мэргэжлийн хүн зааж өгсөн мэт.

 

Гэвч тэд өнөө л бодит байдлаас зөрсөн мэдээлэлтэй, уул уурхайн талаар үнэн зөв ойлголтгүйгээ харууллаа. Энэ асуудлаар орон нутгийн Байгаль орчны байцаагч “Суманд уул уурхай, орд газар, лиценз хөндсөн ямар ч ажил явагдаагүй. Ганц нэг лиценз байдаг ч сүүлийн 10 жил хэн ч эргэж тойроогүй мартагдсан” гэсэн мэдээллийг өгч, нутгийн иргэн, малчдын дунд ч ийм асуудал яригдаагүйг хэллээ.

 

Албаны хүний энэ тайлбар мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн эрх ашгийн халхавч нь сумын удирдлага, малчид болсныг тодорхой харуулна. Орон нутагт нь огт яригдаагүй асуудал, эхлээгүй уул уурхайн талаар тэдний тархийг угааж, бүр цаашлаад мөнгө амлан элдэв эсэргүүцэл үүсгэдэг, зам хаадаг, бүр нийслэл рүү явуулж хэвлэлийн хурал хийлгэдэг шантааж уул уурхайтай нутаг бүхэнд бий.

 

Хууль дүрмийн дагуу төрөөс зохих зөвшөөрлөө авч, нутгийн иргэдтэй зөвшилцсөн ажлыг гацаадаг байсан бол одоо бүр сургаар “тэмцдэг” болж. Сумын Засаг дарга нь малчидтай нийлж, хэзээ, хэн, хэрхэн ашиглах тодорхойгүй, тэр байтугай нөөц нь ч тогтоогдоогүй лицензээр шантаажилж явна. Хаврын хавсарган цагсан, малчин, сумын удирдлагад ингэж явах цаг зав баймааргүй.

 

Уг нь уул уурхай газар нутаг залгидаг мангас биш. Хуулиар зөвшөөрөгдсөн лицензийн талбайдаа л үйл ажиллагаа явуулж, сум орон нутаг, иргэдийн амьжиргаа цаашлаад улсын эдийн засагт хөрөнгө оруулдаг салбар. Монголын эдийн засаг, төсөв бүхэлдээ уул уурхай дээр оршин тогтнодог. Энэ салбарын оруулсан хөрөнгийг иргэн бүхэн хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс болгон авдаг. Товчхондоо уул уурхайгүйгээр улс урагшлах боломжгүй гэсэн үг.

 

Гагцхүү уул уурхай хууль дүрмийн дагуу хариуцлагатай байх учиртай. Орон нутгийн удирдлага, малчдад хариуцлага, нөхөн сэргээлтийн тухай зүй ёсны шаардлага тавих эрх нь ч бий. Харин хэн нэгний гар хөл болж, зөвшөөрөгдсөн үйл ажиллагаанд санаатайгаар саад тотгор учруулж, зохион байгуулалттай шантааж хийж байгаа бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сануулсныг энд давхар сануулъя.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
хэн нэгний ажлыг унагахаар дарамталж мөнгө олдог бүлэг улстөрчид тэдний хөл гар болдог хэсэг бүлэг хүмүүс бий тэднийг зайлуулах шийтгэх хариуцлага хүлээлгэх хэрэгтэй
2023-03-15