Улсын дугааргүй машины “ан”-д гарцгаая
2023-10-11

Сүүлийн үед улсын дугааргүй машинууд замын хөдөлгөөнд оролцох нь ихсэж, хаа сайгүй харагддаг болов. Олон нийт ч энэ байдлыг төдийлөн анзаардаггүй, тоодоггүй байв. Гэтэл улсын дугааргүй машин нь гэмт хэргийн эхлэл, гэмт хэрэгтний үүр байдгийг сүүлийн өдрүүдэд гарсан ноцтой хэргүүд харууллаа.

 

 

Хэдхэн хоногийн өмнө Дорноговь аймгийн Сайншанд суманд гарсан аймшигт хэргийг улсын дугааргүй машин унасан этгээд үйлдсэн. Энэ хэргийн дуулиан намжиж амжаагүй байхад л улсын дугааргүй машин унасан этгээд 14 настай охиныг хүчирхийлсэн гутамшигт хэрэг гарлаа. Улсын дугааргүй “Toyota Prius” маркийн машин унасан 25 настай этгээд Баянхошууны Хөтөл орчмоос гар өргөсөн 14 охиныг суулгаж яваад хүчиндсэнийг цагдаагийн байгууллага олж тогтоон, мөрдөн шалгаж байна.

 

Үүний цаана хичнээн гаж донтон машиныхаа улсын дугаарыг тайлж байгааг тааварлах боломжгүй. Тиймээс бүгдээрээ улсын дугааргүй машины “ан”-д гарцгаая. Хаана, хэзээ тааралдсанаас үл хамаараад харагдсан газар бүрт нь цагдаагийн байгууллагад мэдээлцгээе.

 

Өдөр, шөнийн ялгаагүй улсын дугааргүй л бол тухайн машины байршлыг цагдаад хэлцгээе. Тэнд гэмт хэрэгтэн явж байхыг ч үгүйсгэх аргагүй. Гэм зэмгүй нэгэн бол цагдаад утга учраа тайлбараад, улсын дугаараа зүүнэ биз.

 

Ингэж л чадах чадахаараа гаж донтонтой, гэмт хэрэгтэнтэй тэмцье. Гэгээн цагаан өдөр хүртэл үр хүүхдүүдэд гишгэх газар, аюулгүй явах нөхцөл алга.

 

Уг нь улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцох нь хуулийн заалттай зөрчил. Жолооч хариуцлага хүлээх ёстой гэсэн үг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд улсын бүртгэлийн дугаартай холбоотой гурван заалт бий.

 

  1. Улсын дугаар нь арилж, бүдгэрэн үзэгдэх байдал нь муудсан бол 10 000 төгрөг торгох хуулийн заалттай. Энэ оны эхний найман сарын байдлаар энэ заалтаар 164 000 жолооч 10 000 төгрөгөөр торгуулжээ.

  2. Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон, нуун далдалсан тохиолдолд 25 000 төгрөгөөр торгоно. Энэ заалтаар 8600 жолоочид хариуцлага тооцоод байна.

  3. Хуурамч дугаартай замын хөдөлгөөнд оролцсон, дугаар сольж зүүсэн тохиолдолд 50 000 төгрөгөөр торгож, эрх хасах хуулийн зохицуулалттай. Үүгээр 557 жолооч эрхээ хасуулаад байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

 

Энэ оны эхний найман сарын байдлаар нийтдээ 173 157 жолооч улсын дугаартай холбоотой зөрчлөөр арга хэмжээ авахуулсан гэсэн үг. Гэвч зөрчил буурахгүй, янз бүрийн шалтгаанаар улсын дугааргүй хөдөлгөөнд оролцдог байдал байсаар л байна.

 

Тиймээс эцэг эх, асран хамгаалагч Та бүхэн

 

-Хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах

 

-Улсын дугаар тодорхойгүй, зөвшөөрөлгүй хувийн такси үйлчилгээгээр үйлчлүүлэхгүй байх

 

-Таксинд суухдаа тухайн машины улсын дугаар, зураг зэргийг ээж аав, ойрын хүмүүстээ боломжит бүх сувгаар явуулахыг хүүхдүүддээ заавал захиарай.

 

Хүүхдээ хамгаалах нь томчуудын, эцэг эх та бидний эрхэм үүрэг юм шүү. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Зарим машины дугаар маш бүдэг,зарим тоо нь арилсан, бүдгэрсэн бдг шүү, замын цагдаа нар ийм машинуудад сануулга өгөө,явах эрхийг нь хязгаарла
2023-10-13
Орон байрны хулгайч, хүчин хийх сэдэлтэнгүүд
2023-10-13
14 охин явсан юмуу.өгүүлбэрээ уншаад үз.
2023-10-12
Erka:
Hooe humuusee dugaargui mashiiniig zobhon tsagdaa nar unadag shuu oorchloltiig tsagdaa nar oorsdoosoo ehel
2023-10-12
А:
Гаж донтой голдуу хүмүүс дугааргүй яваад байх шиг байгаа юм да лав цоо эрүүлбишээ
2023-10-12
цагдахгиинхан өөрсдөө дугааргүй мхшин унадаг юм билээ цег нь анхааралдаа ав
2023-10-11
Иргэн:
Үнэн шүү!
2023-10-11
Иргэн:
Сүүлийн үед приус машинууд дугаараа зориудаар зүлгүүрдэх цагаан болгоод хөдөлгөөнд их оролцдог болсон байна, үүнийг бас анхааралдаа авах хэрэгтэй байна.
2023-10-11
zob:
ТОРГУУЛЬ 10000 төгрөг чнь нэг таваг хоолны мөнгө хүрэхгүй, 2,8 доллар,,,СОГТУУ жолооч ,1 р эгнээ гээд автомашины торгуулийг сайн нэмээчээ,50000 аас дээш 2сая төгрөг болгоочээ
2023-10-11