М.Итгэл: Үгээр илэрхийлж чадахгүй зүйлээ зургаар харуулдаг 
2023-12-05

Зураач, зургийн багш М.Итгэлийн уран бүтээлийн ертөнцөөр аялцгаая. Уран зургийн бүх бүтээлээ харандаа ашиглахгүй бодит фото зураг мэт амилуулдаг нь түүний онцлог. Мөн улаан, цэнхэр, шар хэмээх үндсэн гурван өнгийг ашиглан бүхий л өнгийг уран бүтээлдээ шингээн цоо шинэ ертөнцийг бүтээдэг билээ.

 

- Уран бүтээлийн олз омог их үү. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?


- Сүүлийн үед арт зураг дээр төвлөрч ажиллаж байна. Одоо цагт нийгэм өөрөө хар бараан байгаа учраас уран бүтээлээ аль болох өнгөлөг гэгээлэг болгохыг зорьдог. Хамгийн сүүлд Эвтэй дөрвөн амьтныг цувралаар зурсан. Эвтэй дөрвөн амьтныг хөгжилтэй, хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлэхүйцээр хэрхэн зурж болохоор байна, тэр бүгдээр нь зурахыг хичээж ажилласан. 

 

- Таны зургуудыг хараад байхад их өнгөлөг,  гэр бүл, аз жаргалыг харуулахыг зорьсон зургууд байх юм аа?

 

- Үндсэн тод өнгөнүүдэд дуртай. Дээр дурдсанчлан сүүлийн үед их гэгээлэг зүйлийг л хүмүүст харуулахыг зорьдог болсон доо. 

 

-Зургаа ихэвчлэн хаана зурж байна. Байгальд гардаг уу?


-Жижиг зургийн судалбарыг байгаль дээр нь очиж хийдэг. Үүнээсээ ургуулаад том бүтээлийг бол гэртээ ч юм уу, эсвэл албан байгууллагын том тасалгаанд зурдаг.

 

-Та хэчнээн бийр хэрэглэсэн бол. Урлангийн өрөөнд лав асар олон бийр, жааз, тэмдэглэлийн дэвтэр байна шүү?


-Маш олон бийр бий. Сүүлийн үед нелонон багстай бийр байдаг болсон. Шинэдээ зүгээр ч гэсэн хуучрахаараа бидний хэрэглэдэг амьтны үсэн бийрээс муу юм билээ. Бурзайгаад л явчихдаг. Энэ лав 35 дахь тэмдэглэлийн дэвтэр байна. Би олон юм тэмдэглэж хадгалдаг. Энэ нь уран бүтээлд их хэрэг болдог юм. 

 

- Зураачид баригдмал зүйлд дургүй гэдэг. Таныг юу баригдмал байдалд оруулдаг вэ?

 

- Хамгийн энгийн жишээ аваад үзье. Эмэгтэй хүн бүр орой хоолоо хийх ёстой болдог. Тэр нь зарим үед стресстүүлдэг. Тэгвэл стресстсэн үедээ хоол хийхгүй байж болно ш дээ. Орхиод илүү хөгжилтэй зүйл хийж болно. Би энийг баригдмал зүйл гэж тодорхойлно. Үргэлж ийм байх ёстой гэсэн хэвшмэл зүйлийг хааяа ч гэсэн зөрчих нь үр дүнгээ өгдөг.

 

- Хамгийн их тайвшрал өгдөг зүйл тань?

 

- Зургаа зурж байхдаа тайвширдаг. Өглөөд хамгийн сайхан санаанууд орж ирнэ. Заримыг нь мартахгүйн тулд хар зургаар буулгадаг. Мөн үгээр илэрхийлж чадахгүй зүйлээ зургаараа харуулдаг. Энэ бол бидний мэргэжлийн хамгийн том давуу тал гэж боддог. 

 

- Уран зургийг өөрийнхөөрөө юу гэж тодорхойлох вэ?

 

- Сэтгэл засах урлаг. Уран зураг бол хүнийг маш их тайвшруулдаг. Гэхдээ зарим зураг хүнийг цочроодог. Одоо янз бүрийн “изм” гарсан байна. Би өөрийнхөөрөө л зурдаг болохоор аль нэг урсгал чиглэлд хамаарагддаггүй. Хүмүүс янз бүрээр л хардаг байх. Намайг хүүхэлдэй зурдаг зураач ч гэж хэлдэг юм. 2009 онд Францын үзэсгэлэнд оролцож байхдаа өөрийнхөө бүтээлүүдийг гэнэн сэтгэлгээний урлаг гэсэн ангилалд багтдагийг нь мэдэж авсан даа. Анх би 2006 оноос уран бүтээлийн гараагаа эхэлж байхдаа зохиомжит уран бүтээл зурж эхэлсэн. Харин гэр бүлтэй болсноор уран бүтээлд маань өөрчлөлт орж, хурц тод өнгийг сонгон хайр мэдрүүлсэн зураг зурахыг хичээх болсон.

 

- Зураг зурахдаа орчин бүрдүүлдэг үү. Зарим зураач хажуудаа лаа асаадаг, хөгжим сонсдог. Таны хувьд?

 

- Манай нөхөр орчин бүрдүүлэх тал дээр илүү их ажилладаг. Нөхөр маань урлагийн хүн биш ч гэсэн намайг маш сайн ойлгодог, дэмждэг. Тэр тулдаа би өдий зэрэгтээ зургаа орхилгүй явж байгаа юм шүү дээ. Намайг зураг зурж байхад намуухан хөгжим тавьж өгөөд л. Тэгэхээр бүр тайван болдог. Би бол зургаа л зураад суух дуртай. 

 

- Хүүхдүүдэд зориулан комикс ном гаргахыг мөрөөддөг гэж сонссон?

 

- Бага насны хүүхдүүдэд зориулан сайн, мууг ялгаж сургах номын зургийг зурж байгаа. Эхний дэвтэр нь гарчихсан. Нүдийг хэрхэн зурах тал дээр алдаа гаргасан байх. Өмнөх шигээ хэлбэртэйгээр зурсан чинь буруудах шиг болсон. Хоёрдугаар дэвтрийн зургийг зурахдаа нүдний хэлбэрийг өөрчилсөн. Хүүхдэд зориулан комикс гаргах мөрөөдлийн маань нэг хэсэг нь энэ ажил болж байна.

 

- Ярилцсанд баярлалаа. 

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин