Польшид Оросын талд тагнуул хийсэн Украины 11 иргэнийг шийтгэжээ
2023-12-21

Польшид төмөр зам дээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулахаар төлөвлөж байсан Оросын 14 тагнуулчтай холбоотой шүүх хурал болжээ. Тэдний 11 нь Украины иргэд байсан гэж Rzeczpospolita сонин мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тагнуул хийсэн хэрэгт анх 16 хүнийг сэжиглэж байсан ч хоёр хүний хэргийг тусад нь хянан шийдвэрлэхээр болжээ. Шүүхээр орсон 14 хүний 11 нь Украины иргэн байсан бол үлдсэн хүмүүсийн нэг нь ОХУ, нөгөө хоёр нь Беларусийн иргэд байсан аж. Оросын талд тагнуул хийж байсан эдгээр хүмүүс хорлон сүйтгэх ажиллагаа төлөвлөж байсны дээр далайн боомт, нисэх буудал, цэргийн тээврийг ажиглаж байсан гэнэ. Тэд дүрсний өндөр чанартай утасгүй камеруудын тусламжтайгаар ажиглалт хийж байжээ. Эдгээр хүмүүс Телеграм сувгаар дамжуулан зааварлагчдаасаа даалгавар авдаг байсан аж. 

 

Оросын талаас даалгавар өгдөг зааварлагч гүйцэтгэгчдэдээ төмөр зам дээр хорлон сүйтгэх ажил зохион байгуулахыг санал болгосон бөгөөд энэ ажлынх нь төлөө 10 мянган долларын шан амлаж байсан гэнэ. Мөн Оросын талд ажиллаж байгаад Польшийн шүүхээр шийтгэгдсэн эдгээр хүмүүс зааварлагчийнхаа өгсөн тушаалын дагуу украинчууд руу халдахыг уриалсан ухуулах хуудас нааж, автомашин, байр байшин ч шатааж байжээ. Тэд нэг ухуулах хуудас наасныхаа төлөө таван доллар, харин камер суурилуулсныхаа төлөө 300-400 доллар авдаг байсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Болж
2023-12-21