Аргентины шинэ Ерөнхийлөгч бүх төрийн албан хаагчдыг хална
2023-12-25

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо зарласан цагаасаа л хойш төрийн тэргүүний алба хашихаар бол эрс шинэчлэлт, өөрчлөлт хийнэ гэж амлаж байсан Хавьер Милей зул сарын өмнөхөн нэгэн эрс шийдэмгий мэдэгдэл хийжээ. Ерөнхийлөгчийн албанд очсоныхоо дараахан валютын девальваци зарлаж, эдийн засгийн огцом өөрчлөлтүүдийг зарлаж байсан тэрбээр энэ удаад төрийн албан хаагчдыг бүгдийг ажлаас нь халахаар болсон байна. 

 

Тодруулбал, 2023 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хойш ажилд орсон бүх төрийн албан хаагчийг ажлаас нь халахаар болсон талаар Infocielо мэдээлжээ. Ингэснээр энэ онд ажилд орсон 7000 албан тушаалтан ажлаас халагдах бөгөөд үүнээс өмнө ажилд орсон албан хаагчдыг бүгдийг шалгалтад хамруулах аж. Милейн шинэчлэлт төрийн байгууллагууд мөн төрийн өмчид байдаг бүхий л том компаниуд хамрагдах юм байна. Ингэснээр төсвийн зардлыг багасгах зорилготой гэнэ. 

 

Үүний зэрэгцээ ажилчин ангид халгаатай өөрчлөлтүүдийг хөдөлмөрийн хуулинд оруулжээ. Ингэснээр шинэ ажилтнуудыг ажилд авах туршилтын хугацаа гурван сар байсныг найман сар болгон нэмэгдүүлсэн байна.

 

Хавьер Милей Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараахан л олон нийтийн хувьд гэнэтийн шийдвэрүүдийг гаргасаар байсан юм. Тухайлбал, тэрбээр сайд нарын тоог багасгасан. Өмнө нь 19 сайдтай байсан Аргентин улс одоо есөн сайдтай болж, хэд хэдэн яамыг татан буулгаж, тэдний хариуцдаг байсан үүрэгт ажлыг бусад байгууллагуудад хуваарилсан юм. 

 

Энэ өөрчлөлтийн хүрээнд Арентинзд Хүмүүн капиталын яам байгуулагдсан бөгөөд энэ яам боловсрол, соёл, хөдөлмөрийн зах зээл, нийгмийн бодлогын асуудлыг хариуцах аж. Түүнчлэн дэд бүтцийн сайд бий болгож, энэ нь тээвэр, олон нийтийн ажил, ашигт малтмалын олборлолт болон холбоо харилцаа гээд өргөн асуудлыг хариуцахаар болжээ.

 

Хавьер Милей Ерөнхийлөгч болохоосоо ч өмнө төсвийн зардлыг танана хэмээн мэдэгдэж байсан. Тиймдээ ч төрийн албан хаагчдын тоог цомхотгох дээрх ажлыг хийсний дээр яам болгон байгаа гэрээнүүдийг бүгдийг шалгахаар болжээ. 

 

Үүний зэрэгцээ төрийн албан хаагч бүр ажлын цагаар ажлын байран дээрээ заавал байхыг үүрэг болгосон байна. Мөн Милей өөрөө зардал хэмнэхийн тулд аливаа ёслолын арга хэмжээнүүдэд цөөн оролцоно гэж амлажээ. Ийнхүү зардал танах тал дээр эрс шийдэмгий алхам хийхээр болсон Милей олон нийтийн дургүйцлийг төрүүлэхгүйн тулд нийгмийн хэрэгцээ шаардлагад зарцуулах зардлыг нэмнэ хэмээн амласан байна. Мөн татварыг ч бууруулна хэмээн амлажээ.

 

Энд дуулгахад, Аргентины шинэ Ерөнхийлөгч Милей эдийн засгийн өндөр боловсролтой гэгддэг. Тэрбээр эдийн засгийн магистр зэрэгтэй, Funcacion Acordar судалгааны төвийн эдийн засгийн судалгааг удирдаж, дэлхийн томоохон банк болох HSBC банкны салбар зэрэг компаниудад өндөр албан тушаал хашиж байсны дээр G20 бүлгийн зөвлөхүүдийн тоонд багтдаг байжээ. Милей эртнээс л чөлөөт зах зээл зарчимд тулгуурласан эдийн засгийг баримтлагч нэгэн байсан аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин