Газын зурваст дүрвэгчдийн хуаранд цохилт өгсний улмаас 66 хүн амиа алджээ
2023-12-25

ХАМАС Израил руу 10 дугаар сарын долооны өдөр халдсаны улмаас Израил, ХАМАС-ын хооронд дайн дэгдсэнээс хойш Израилын тал Газын зурваст агаар болон хуурай замаар цохилт өгч, алан хядагчдыг устгах зорилготой гэгддэг ч энгийн иргэд олноор цугласан дүрвэгчдийн хуаранд удаа дараа цохилт өгсөөр байгаа юм. 

 

Энэ удаад Газын зурвасын төв хэсэгт байх Магази дүрвэгсдийн хуаранд Израилын арми цохилт өгсний улмаас 66 хүн амиа алдсан гэж Палестины Эрүүл мэндийн яамнаас авсан эх сурвалжтайгаар Аль Жазира суваг мэдээлжээ. Түүнчлэн олон хүн шархадсан, одоо ЦАХАЛ Эль-Бурейж болон Нусейрат гэсэн дүрвэгчдийн хуаран руу халдаж байгаа аж. 

 

Палестины ХАМАС бүлэглэл, Израилын хооронд дайн дэгдсэний улмаас Израилын талаас 1400 орчим хүн амиа алдсан бол Израилын армийн цэргийн ажиллагааны дүнд Газын зурваст амиа алдсан хүний тоо 20 мянгыг давж, 52,6 мянган хүн шархаджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин