Путиний нэрийн хуудас хоёр сая рублиэр зарагджээ
2023-12-25

ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдсан дуудлага худалдаагаар Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний нэрийн хуудсыг худалджээ. Энэ талаарх мэдээллийг Коммерсант дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дуудлага худалдаанд тавьсан нэрийн хуудсыг Владимир Путин  1990-ээд онд ашиглаж байжээ. "Хүмүүс их удаан үнэ хаялцсан. Таван минутын турш үнэ хаялцсан, энэ нь дуудлага худалдааны хувьд ихээхэн хугацаанд тооцогдоно" хэмээн Петербургийн дуудлага худалдааны ахлах мэргэжилтэн Коммерсант агентлагт өгүүлжээ. Ингээд Путиний нэрийн хуудас 2 000 000 рублийн үнэ хүрсэн бөгөөд энэ нь монгол мөнгөөр тооцвол 76 сая төгрөг болж байгаа юм.

 

Дуудлага худалдаагаар хоёр сая рублийн үнэ хүрсэн нэрийн хуудсыг Путин Ленинградын (одоогийн Санкт-Петербург) ардын депутатуудын хотын зөвлөлийн даргын Олон улсын харилцааны зөвлөх байх үедээ ашиглаж байжээ. Мөн энэ нэрийн хуудсан дээр тэрээр өөрийн гараар утасныхаа дугаарыг бичсэн байдаг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин