Сүйт залуу, бүсгүй хоёр нэг өдөр, хоёр өөр онгоцны осолд орсон ч амьд үлджээ
2023-12-25

Италийн сүйт бүсгүй, сүйт залуу хоёр нэг өдөр, нэгнээсээ 40 километр зайд хоёр өөр онгоцны осолд орсон ч азаар амьд үлджээ. Энэ талаарх Daily Mail сонин мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 12 дугаар сарын 17-ны өдөр Пьемонт мужид 30 настай Стефано Пирилли болон түүний сүйт бүсгүй 22 настай Антониетта Демаси нар Турин хотоос Асти хот руу найзуудтайгаа уулзахаар хоёр хувийн онгоцоор нисжээ. Тэд дараа нь хоёр өөр онгоцонд сууж, Савона хотын зүг ниссэн байна.

 

Сүйт залуун сууж явсан онгоц газардах зурвас руу ойртох үед манан бууж, удалгүй хөөрөх, газардах зурвасаас 100 метрийн зайд онгоц осолджээ. Азаар залуу амьд үлдсэн байна. Үүний дараа Стефано сүйт бүсгүйтэйгээ холбогдох гэсэн ч чадахгүй байсан бөгөөд ослын газарт дуудлагаар ирсэн аврагчид тухайн газраас 40 км зайд өөр нэг онгоц осолдсон хэмээжээ. Мөн л аз таарч бүсгүй амьд үлдсэн байна.

 

Энэ хоёр онгоцны ослын улмаас хүний амь нас эрсдээгүй, зорчигч болон нисгэгчид хөнгөн гэмтсэн, бүгд эмнэлэгт хүргэгдсэн гэж Daily Mail мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин