ФОТО: Хааны гэр бүлийн Зул сарын баяр
2023-12-26

Зул сарын баярын өдрийг тохиолдуулан Уэльсийн ханхүү Уильям гэр бүлийнхээ зургийг олон нийтэд харуулжээ. Харин хаан III Чарльз эхнэр Камиллагийн хамт Зул сарын мөргөлд оролцон баяраа тэмдэглэсэн талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Уильям, Кейт болон тэдний хүүхдүүд болох угсаа залгамжлагч ханхүү Жорж, түүний дүү, гүнж Шарлотта, бага хүү, ханхүү Луи нарын баярын зургийг гэрэл зурагчин Жош Шиннер авчээ. Хар цагаан гэрэл зургийг Уильям, Кейт нар олон нийтийн сүлжээнд байршуулан, "Манай гэр бүлийн зүгээс танай гэр бүлд аз жаргалтай Зул сарын мэндийг хүргэе" хэмээн бичсэн байна.

Өмнөх хатан хаан II Елизабетийн үед тогтсон Хааны гэр бүлийн заншил ёсоор Зул сарын баярын өдөр III Чарльз хаан телевизээр ард түмэндээ хандан баярын мэндчилгээ хүргэжээ. Энэ мэндчилгээндээ тэрбээр хүн төрөлхтний үнэ цэнийн талаар дурдсан байна.

 

"Дэлхий даяар эмгэнэлтэй сөргөлдөөн олноор гарсаар байгаа энэ үед та бүхэн нэгэндээ хайр халамж тавихын тулд боломжит бүхнээ хийгээсэй гэж би залбирч байна. "Хүн танд яаж хандахыг хүсэж байна, яг л тэгэж түүнд ханд" гэсэн Иисүсийн үг өнөөдөр хамгийн ихээр тохирсон үг болоод байна" хэмээн Их Британийн хаан онцолжээ.

Ийнхүү ард түмэндээ хандан телевизээр мэндчилгээ дамжуулсны дээр Чарльз, Камилла, Уильям, Кейт нар хааны гэр бүлийн уламжлал ёсоор Гэгээн Мария Магдалинагийн сүмд Зул сарын мөргөлд оролцсон байна.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин