Израилын агаарын цохилтын улмаас Ираны генерал амиа алджээ
2023-12-26

Сирийн нийслэл Дамаск хотод Израилын тал байнга цохилт өгдөг. Ээлжит агаарын цохилтын үеэр Ираны өндөр албан тушаалын офицер амиа алдсан талаар Ройтерс мэдээлжээ. 

 

Тодруулбал, Дамаск хотод өгсөн Израилын агаарын цохилтын улмаас Исламын хувьсгалын харуулын корпусын өндөр албан тушаалтан, генерал Рази Мусави амиа алдсан байна.

 

Тэрээр Иран, Сирийн цэргийн хамтын ажиллагааг зохицуулдаг байсан талаар Ираны төв телевиз мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, генерал ажлаасаа харьж явах замдаа пуужингийн цохилтод өртөж амиа алдсан байна.  Энэ хэргийн дараа Исламын хувьсгалын харуулуудын корпус мэдэгдэл хийж, "Израилын дэглэм энэ гэмт хэргийнхээ төлөөсийг заавал төлнө" хэмээн сүрдүүлсийг Аль Майден суваг дамжуулжээ.

 

Израилын агаарын цохилтод өртөж амиа алдсан генерал Рази Мусави нь Иракт Америкийн дроны цохилтын улмаас 2020 онд амиа алдсан Ираны генерал Касим Сулейманигийн дотны найзуудын нэг байсан гэж хэвлэлүүд мэдээлсэн байна. Энд дуулгахад Израил Ирантай холбоотой Сири дэх объектуудад агаарын цохилт тогтмол өгдөг юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин