Япон ХАМАС-ын удирдлагын эсрэг хориг тавьжээ
2023-12-26

ХАМАС бүлэглэл 10 дугаар сард Израил руу халдсантай холбоотойгоор Япон улс энэ бүлэглэлийн удирдлагын төлөөлөгчдийн эсрэг хориг тавьжээ. Энэ талаар Японы Гадаад хэргийн яам мэдээлсэн байна. 

 

Хориг арга хэмжээний жагсаалтад Газын зурвас дахь ХАМАС-ын удирдагч Яхья Синвар, энэ хөдөлгөөний цэргийн жигүүрийн удирдагч Мухаммед ад-Дейф болон түүний орлогч Марван Исса нар багтжээ. Эдгээр төлөөлөгчдийн эсрэг хориг тавьсан тул Японд тэдний өмч хөрөнгө илэрсэн тохиолдолд хөрөнгийг царцаах зэрэг хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх аж. 

 

Эргэн сануулахад, 10 дугаар сарын долооны өдөр ХАМАС бүлэглэл Израил руу халдсанаар Ойрх Дорнод дахь нөхцөл байдал хурцадсан юм. Тэд ийнхүү халдахдаа 1400 орчим хүнийг хөнөөж, 200 гаруй хүнийг барьцаалан, үүнийгээ Иерусалим дахь Аль-Акса сүмийн эсрэг хийсэн Израилын эрх баригчдын үйлдлийн хариу хэмээж байв. ХАМАС бүлэглэл ийнхүү халдсаны хариуд Израил дайн зарлаж, Газын зурваст цохилт өгч эхэлсэн бөгөөд энэ дайны улмаас Газын зурваст 20 мянга гаруй хүн амиа алдсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин