Хятадад COVID-19-өөс үүдэлтэй нас баралт эрс нэмэгдэж, чандарлах газруудын ачаалал ихэсжээ
2023-12-27

Хятадад JN.1 шинэ штаммын улмаас коронавирусийн халдвар дахин тархаж, энэ өвчнөөс үүдэлтэй нас баралт нэмэгдэж байгаа талаар Daily Star сонин мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өвчний улмаас нас баралт нэмэгдсэнтэй холбоотойгоор Хятадын чандарлах газрууд 24 цагаар ажиллаж байгаа ч ачаалал улам нэмэгдсээр байгаа гэнэ. JN.1 хэмээн тэмдэглэгдсэн коронавирусийн шинэ штамм сүүлийн сард дэлхий даяар тархаад байгаа бөгөөд Их Британи, Хятадад халдварын тохиолдлын ихэнх нь энэ штаммаар үүсгэгдсэн байгаа аж. 

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдсэнээр, JN.1 штамм сүүлийн үед дэлхий даяар хурдацтай тархаж байгаа гэнэ. Чухамхүү энэ штамм Хятадад зонхилж, өвчний тархалт өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа аж.

 

Хэнань хотын оршин суугчид хэвлэлд мэдээлэл өгөхдөө, нөхцөл байдал маш хүнд байгаа, тиймээс төрийн өмчит чандарлах газрууд 24 цагаар ажиллах горимд шилжсэн гэдгийг онцолжээ. Тус хотод найман чандарлах газар байдаг, бүгд 24 цагаар ажиллах болжээ.

 

"Төрийн өмчит оршуулгын товчооны цогцос хадгалах газрууд ачааллаа дийлэхээ больсон. Сүүлийн гурван жилийн хугацаанд оршуулгын товчооны чиглэлээр үйл ажиллагаа явуулах хувийн компаниуд олноор байгуулагдсан, тэдний бизнес цэцэглэн хөгжиж байна. Одоо чандарлах газрууд 24 цагаар ажиллаж, харин ар гэрийнхнийхээ цогцосыг чандарлахаар захиалга өгсөн хүмүүс олон өдөр хүлээж байгаа" хэмээн Жоу гэх эр Daily Star сонинд ярьжээ.

 

Хятадын зарим хэвлэлүүдийн мэдээлснээр, одоогоор тус улсад 118 977 хүн коронавирусийн халдвартай гэдэг нь батлагдсанаас 7557 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Харин БНХАУ-ын эрх баригчид коронавирусээс үүдэлтэй нас баралтын талаар албан ёсоор мэдээлэхгүй байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин