Аргентинчууд шинэ Ерөнхийлөгчөө эсэргүүцэн жагсаж байна
2023-12-28

Аргентины шинэ Ерөнхийлөгч Хавьер Милей төрийн тэргүүний албан тушаалд очсоноосоо хойш эрс өөрчлөлтүүдийг хийж, эдийн засгийг хөл дээр нь босгоно гэж амалсан. Харин түүний өөрчлөлтийн бодлого ард иргэдэд нь таалагдсангүй. 

 

МИР24 сувгийн мэдээлснээр, лхагва гарагт Аргентинд олон мянган иргэн Хавьер Милейн бодлогыг эсэргүүцэн жагссан байна. Тэд төрийн тэргүүн хэрэгжүүлэхээр зэхэж буй 300 гаруй шинэчлэлтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхээр цуглажээ. 

 

Аргентины шинэ Ерөнхийлөгч орон сууц түрээслэх, үнийн зохицуулалтын тухай хуулийг өөрчилж, экспортын хязгаарлалтыг хориглохоор зэхэж байгаа юм. Түүнчлэн 2023 онд ажилд орсон олон мянган хүнийг ажлаас нь халахаар болсон. Энэ бүхнийг аргентинчууд эсэргүүцэн, олон мянгаараа цуглан, бөмбөр нүдэж, төрөл бүрийн уриа лоозон хашгирсан байна. 

 

Энэ эсэргүүцлийн арга хэмжээг орон нутгийн эрх баригчдаас авсан зөвшөөрөлтэйгээр үйлдвэрчний эвлэлүүд зохион байгуулжээ. Эсэргүүцлийн жагсаалыг цагдаагийнхан хянаж, жагсаал тайван болж өнгөрсөн байна. Жагсагчид зам хаавал хүч хэрэглэнэ гэж Аргентины Ерөнхийлөгч мэдэгдсэн аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин