Глок гар бууг зохион бүтээсэн Гастон Глок таалал төгсжээ
2023-12-28

Австрийн галт зэвсэг үйлдвэрлэгч Glock компанийг үүсгэн байгуулагч, Glock гар бууг зохион бүтээсэн Австрийн инженер, бизнесмен Гастон Глок 94 насандаа таалал төгсжээ. Энэ талаарх мэдээллийг Glock компанийн албан ёсны сайт мэдээлсэн байна. 

 

"Манай компанийг үүсгэн байгуулагч Гастон Глок 1980-аад онд дэлхий дээр галт зэвсгийн хувьсгалыг хийсэн төдийгүй Glock брэндийг галт зэвсгийн салбарт дэлхийд тэргүүлэгч болгож чадсан юм" хэмээн компанийн мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Энэ мэдэгдэлд Глок нас барсан шалтгааныг мэдээлээгүй байна. Тэрээр 2008 онд зүрхний шигдээс болж байсан. Түүнчлэн 1999 онд түүний амь насанд халдах оролдлого гарч байсан бөгөөд энэ хэргийг захиалагч нь Глоктой хамт ажилладаг байсан Чарльз Эверт байсан аж. Эверт энэ хэргийнхээ төлөө 20 жилийн ял сонсож байв.

 

Гастон Глок 1929 оны долдугаар сарын 19-ний өдөр Вена хотод төрсөн. 1963 онд 34 настайдаа Глок компанийг үүсгэн байгуулжээ. Энэ компани цагдаа болон тусгай албадын ажилтнуудад зориулсан гар буу үйлдвэрлэдгээрээ ихээхэн алдартай. Анхлаад энэ компани туслах хэрэгсэл бүтээдэг байгаад 1980-аад оны эхээр Глок 17 гар буу зохион бүтээсэн нь дэлхий даяар алдартай болсон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин