2023: Дэлхий дахинд болсон онцлох 10 үйл явдал
2023-12-30

 

Энэ онд дэлхий нийтийн анхаарлыг татсан олон үйл явдал болж өнгөрлөө. Тэр дундаа дэлхий дахиныг донсолгосон Орос, Украины дайн дуусаагүй байтал Ойрх Дорнодын нөхцөл байдал хурцдав. Анхаарал татсан олон үйл явдал болж өнгөрсний дотроос 10 үйл явдлыг эргэн сануулж байна. 

1.    Туркийн газар хөдлөлт 

Хоёрдугаар сарын зургаанд Турк, Сирийн нутагт хүчтэй газар хөдөлж, олон мянган хүний амь эрсэдсэн харамсалтай үйл явдал болсон юм. Туркэд тохиосон гамшгийн улмаас 50 500 хүн амиа алдсан бол Сирид 8476 хүн амиа алдаж, Туркэд долоо хоногийн хугацаанд гашуудал зарлаж байлаа. 


Энэ газар хөдлөлт 1939 оноос хойш Туркэд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлтөд тооцогдсон бол амиа алдсан хүний тоогоор 1268 оны Киликийн газар хөдлөлтийн дараа бичигдэх болсон юм. 


2.    Ши Жинпинь дахин сонгогдов 

Энэ оны гуравдугаар сард Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын депутатууд Ши Жинпинийг БНХАУ-ын даргын албан тушаалд улируулан сонгов. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын 14 дэх удаагийн чуулганы үеэр Ши Жинпинийг БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн даргаар санал нэгтэй сонгосон юм.  Ингэснээр Ши Жинпинь БНХАУ-ын түүхэнд гурав дахь удаагаа сонгогдож буй  анхны төрийн тэргүүн болж байна.

3.    Кремль дроны халдлагад өртлөө 

2023 оны тавдугаар сарын гурванд шилжих шөнө Оросын нийслэл Москва хотын Кремль рүү хоёр дрон довтолсон үйл явдал болсон юм. Эхний дрон Кремлийн өмнөд зүгээс нисэн ирж, Сенатын ордны орой дээр дэлбэрчээ. Хоёр дахь дрон мөн л энэ хэсэгт, эхний дрон дэлбэрснээс 16 минутын дараа буюу 02.43 минутанд дэлбэрсэн байна. Энэ үйл явдлын дараа Кремль албан ёсны хэвлэлийн мэдээндээ бүх дроныг устгасан, өөрөөр хэлбэл Оросын агаараас эсэргүүцэн хамгаалах системээр устгасан гэж онцолжээ. 


4.    Энэтхэгт гарсан гал тэрэгний осол 

Энэтхэгт зургадугаар сарын хоёрны өдөр галт тэрэг мөргөлдсөний улмаас  300 гаруй  хүн амиа алдаж, 1100 хүн бэртэж гэмтсэн юм.  Хохирогчийн тоогоороо энэ осол сүүлийн олон арван жилд гарсан хамгийн томд тооцогдож байна. 


5.     Кино зохиолчид ажил хаяв 

Америкийн жүжигчид болон кино зохиолчдын үйлдвэрчний эвлэл 2023 оны долдугаар сарын 14-ний өдөр ажил хаяв. Энэ нь сүүлийн 43 жилд жүжигчид ажил хаясан анхны тохиолдол мөн сүүлийн 63 жилийн хугацаанд жүжигчид болон зохиолчид хамтран ажил хаясан анхны тохиолдол болсон юм. Хөдөлмөрийн хөлс зэрэг олон асуудлаас  үүдэлтэй энэ ажил хаялтын улмаас Америкийн телевиз, кино урлагийн салбар ихээхэн хохирол амссан бөгөөд энэ ажил хаялт 2023 оны 11 дүгээр сарын есний өдөр дуусаж байв. 


6.    Уулын Карабах улс оршин тогтнохоо болив 

Энэ оны есдүгээр сарын 19-20-ны хооронд Уулын Карабахд дахин сөргөлдөөн гарав. Нэг өдрийн хугацаанд үргэлжилсэн энэ сөргөлдөөн гал зогсоох хэлэлцээрээр дууссан юм. Үүний араас, 11 дүгээр сард Бүгд Найрамдах Уулын Карабах буюу албан ёсоор Бүгд Найрамдах Арцах Улс 2024 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн оршин тогтнохоо болих тухай зарлигт тус улсын Ерөнхийлөгч гарын үсэг зурав. Ингэснээр тус улс Азербайжантай нэгдэж байгаа юм. Уулын Карабах улс оршин тогтнохоо больсноор 30 орчим жил үргэлжилсэн сөргөлдөөн дуусгавар боллоо. 2017 оныг хүртэл Уулын Карабахын  Бүгд Найрамдах Улс хэмээн нэрлэгдэж байсан Бүгд Найрамдах Арцах Улс нь  олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахт орших улс юм. Тус улсын хүн амын дийлэнх нь арменичууд боловч газар нутгийн хувьд Азербайжаны газар нутаг хэмээн Нэгдсэн Үндэстний Байгууллага ба Европын Зөвлөлийн орнууд үздэг. 


7.    ХАМАС Израил руу халдав 


10 дугаар сарын долооны өдөр Палестины ХАМАС бүлэглэл Израилын нутаг руу Газын зурвасаас гэнэт халдав. ХАМАС бүлэглэл халдлага үйлдэхдээ хилийн бүс орчмын суурин газруудын 1400 орчим оршин суугчийг хөнөөж, 240 хүнийг барьцаалсан юм. Үүний хариуд Израил эх орондоо дайны байдал тогтоон, ХАМАС бүлэглэлд дайн зарлаж, Газын зурваст цохилт өгч эхлэв. Энэ дайны улмаас Газын зурваст 20 мянга гаруй хүн амиа алдсан юм. 


8.    Прагын их сургуульд гарсан халдлага 


Чехийн Прага хотноо байх Карловын их сургуульд зэвсэгт этгээд 12 дугаар сарын 21-ний өдөр халдлага үйлдсэний улмаас 14 хүн амиа алдаж, 25 хүн шархдав.  Карлов их сургуулийн философийн тэнхимд болсон энэ халдлагыг үйлдсэн этгээд нь тус сургуулийн оюутан байсан бөгөөд тэрбээр хэрэг үйлдсэний дараа амиа алдсан байхыг олжээ. 


9.    Хятадын газар хөдлөлт 

Энэ оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хятадын Ганьшу, Цинхай мужуудад хүчтэй газар хөдлөлт болж, олон мянган байшин барилга нурж, 120 хүн амиа алдав. 

10.    Путин дахин сонгогдоно 

Одоогоос хоёр жил гаруйн өмнө, 2021 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын  Ерөнхийлөгч Владимир Путин өөрийгөө дахин хоёр удаа сонгогдох  боломжийг олгох хуульд гарын үсэг зурж байв. Ингээд 2024 оны гуравдугаар сард болох сонгуульд өрсөлдөхөөр болсон талаараа Путин энэ оны 12 дугаар сард мэдэгдсэн юм. Владимир Путин 2000, 2004, 2012 болон 2018 онуудад Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Үндсэн хуульд өөрчлөлт орсноор тэрбээр 2024 болон 2030 онуудад дахин нэр дэвших эрхтэй болсон юм.

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Нүүрсний сонсгрл алга бн
2023-12-31