Шүдний цоорол хүүхдийн биеийн өсөлт, оюун ухаанд нөлөөлдөг
2024-03-20

Манай улсын хүн амын дунд сүүлийн үед эрчимтэй тархаж байгаа өвчлөл нь шүд цоорох өвчин юм. Ихэвчлэн бага насны хүүхдүүдийг хамрах болсон уг өвчнөөс хэрхэн сэргийлж, шүдэнд ээлтэй хүнсний бүтээгдэхүүнийг яаж сонгох талаар холбогдох газраас дараах зөвлөмжийг гаргасан байна.

 

 

Хүүхдийн шүд цоорох өвчин нь олон зүйлээс шалтгаалж үүсдэг. Хамгийн гол шалтгаан нь хоол хүнсний буруу хэрэглээ юм. Бидний эргэн тойронд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний дийлэнх хувьд нь төрөл бүрийн хийжүүлсэн ундаа, чихэрлэг жүүс, хатуу болон зөөлөн чихэр, шоколад зэрэг элдэв амттан багтдаг гэхэд хилсдэхгүй. Харин эдгээр амтат ундаа, чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэснээр шүдний цоорол өвчнийг үүсгэх нөхцөл байдлыг бий болгоно.

 

Судалгаанаас үзэхэд, 3-5 настнуудын 79 хувь, 6-8 насанд 85 хувь, 12 настай хүүхдүүдийн дунд энэ өвчний тархалт 94 хувьтай байгаа аж. Бага насны хүүхдийн биеийн өсөлтөд шүд цоорох өвчин нөлөөлдөг болохыг Япон, АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар тогтоосон.

 

Жишээлбэл, 6 буюу түүнээс дээш шүд цоорсон хүүхэд үеийнхнээсээ 2 кг-аар бага жинтэй байдаг. Учир нь нэг шүд л хорхойтсон, зовиуртай байвал зажлах чадвар буурдаг. Бага насны хүүхэд өсөлт дэмжих уураг, өөх тосыг махнаас авдаг. Шүд нь өвддөг бол мах зажилж, иддэггүй. Эцэг эхчүүд манай хүүхэд мах иддэггүй гэдэг. Энэ нь шүдний өвчлөл байна л гэсэн үг. Бас нэг зүйл гэвэл хүүхдийн шүд цоорхой байх тусам оюуны чадамж мууддаг болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. Цоорхой шүд олон байгаа хүүхдүүд сурлага муутай байдаг гэсэн судалгаа гарсан. Зажлах үйл нь тархины эсийг сэргээж байдаг гэж үздэг. Тэгэхээр шүдний цоорол хүүхдийн биеийн өсөлт төдийгүй оюун ухаан, сэтгэхүйн хөгжилд нөлөөлдөг.

 

 

Shuud.mn
Сонин хачин