Усны хэрэглээг зөв хуваарилдаг болно
2011-10-10

Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь төслийн хүрээнд Улаанбаатар хотын цэвэр усны шугам сүлжээнд хяналтын хаалттай 10 худаг суурилуулаад байна. Төсөл хэрэгжүүлснээр Мобикомын GSM сүлжээгээр хотын цэвэр усны шугмын 10 цэгээс мэдээллийг Ус сувгийн удирдах газрын Диспетчерийн албанд хүлээн авч, зардлын хэмжээ, даралт температурын мэдээллийг цаг тухай  бүрт нь авдаг болно.   Түүнчлэн даралтыг  хасах буюу нэмэх шаардлагатай цэгүүдийг тодорхойлж, шугам сүлжээний тогтвортой байдлыг хангадаг болох юм байна.   Барилга угсралтын ажил болон даралт тохируулах хаалтаас бүрдсэн энэ ажлыг “Ар дааган” ХХК, “Адвантек” ХХК гүйцэтгэсэн байна. Нийслэлийн цэвэр усны шугам сүлжээнд хяналтын хаалттай 10 худаг суурилуулсан энэ арга хэмжээний тууз хайчлах ёслолд Нийслэлийн Засаг даргын орлогч Б. Мөнхбаатар,  Улаанбаатар хотын  НААСТ-ийн удирдагч Л. Бадамхорлоо, УСУГ-ын  үйл ажиллагааны хяналт удирдлагын газрын дарга Ш. Ганзориг нар оролцож тууз хайчлав.  Энэ үеэр тус албаны мэргэжилтнүүд одоогийн байдлаар Улаанбаатарт 33 худагт  усыг зөв менежментээр удирдах даралт тохируулах хаалттай болсныг танилцуулаад цаашид 1000 цэг хамруулах шаардлагатайг дуулгалаа.  Ингэсэн тохиолдолд хүн амын цэвэр усны хэрэглээг зөв хуваарилах боломж бүрдэнэ гэв.
Shuud.mn
Сонин хачин