Ц.Сэдванчиг Ерөнхий сайдад УИХ-ын 30-р тогтоолын хэрэгжилтийн талаар асуулга тавилаа
2012-02-08

“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 30 дугаар тогтоолын хэрэгжилт, үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг  Ерөнхий сайдад асуулга тавилаа. Малчдын бэлэн мөнгөний гол орлого болсон ноос ноолуур бэлтгэдэг цаг улирал дөхөж байна. Төрөөс үндэсний үйлдвэрлэгчдийг хүү багатай, урт хугацаатай зээлийн эх үүсвэрээр дэмжиж малчдын гар дээрээс түүхий эдийг шууд авч ажлын байрыг нэмэгдүүлэх төрийн бодлогын бэлтгэл ажлын явцад  гишүүн анхаарлаа хандуулсан бололтой. Мөн сүүлийн үед тойргийн сонгогч иргэдээс үйлдвэрүүдэд тушаасан ноосонд олгож байгаа урамшуулал мөнгө тойрсон хэл ам, өргөдөл гомдол тасрахгүй байгаа нь тогтоолыí хэрэгжилтийг Засгийн газраас асуух шаардлага дагуулжээ. Уг тогтоол  2011 оны 6 сарын 03-ны өдөр батлагдсан бөгөөд гишүүн Ц.Сэдванчиг асуулгаараа дараахи асуултад хариу авахыг хүсчээ.
  1. Тогтоолын дагуу 300 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай үнэт цаас гаргаж, арилжаалахыг Засгийн газарт зөвшөөрсөн ба үнэт цаас арилжаалснаар хэдий хэмжээний санхүүгийн эх үүсвэр бүрдэж, төсвийн дансанд төвлөрсөн, тэр нь 2011 оны төсөв болон төсвийн тодотгол мөн 2012 оны төсөвт хэрхэн тусгагдсан, төсвийн дансанд төвлөрсөн эх үүсвэрийг ямар арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд зарцуулсан;
  2. Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үйлдвэрлэгчдэд олгосон хөнгөлттэй зээлийн хэмжээг аж ахуй нэгжээр, тухайн зээлийг зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэх, эргэн төлөлт, тайлагнах үйл ажиллагаанд төрийн аль байгууллага, хэн ямар байдлаар хяналт тавьж байгаа талаар;
  3. Зээл олгох арилжааны банкийг хэрхэн сонгосон, хэдэн банкинд зээлийн хөрөнгийн хувийг урьдчилан байршуулсан;
  4. Малчдаас нэгдүгээр зэргийн ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаах,  малчдад урамшуулал олгох ажлыг зохион байгуулсан байдал, тушаасан ноосны болон  олгосон урамшууллын хэмжээ;
  5. Малчдад олгох урамшууллын мөнгийг ямар  журмаар олгож байгаа,  урамшууллын хөрөнгийг хаана төвлөрүүлдэг, зарцуулалтад хэрхэн хяналт тавьдаг;
  6. 6.    Жижиг дунд  үйлдвэрлэгчдийг хөнгөлөлттэй зээлд хамруулснаар одоогийн байдлаар хэдэн үйлдвэр шинээр байгуулагдаж,  хэдэн ажлын байр бий болсон үр дүн зэрэг олон асуудлаар дэлгэрэнгүй хариулт авч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хуулийн дагуу сонсгохыг хүсч байна гэжээ.
Shuud.mn
Сонин хачин