Баяртай Капелло
2012-02-26

Итали мэргэжилтэн өнөөдрөөс эхлэн Английн хөлбөмбөгийн шигшээ багийг дасгалжуулахгүй. Фабио Капелло өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа татгалзаж буй тухай шуугиан, мөн түүнийг хэн залгамжлах таамаглал будант Альбионы хөлбөмбөгийн ертөнцийг доргиож эхэллээ. Английн хэвлэлүүд нэгэн дуугаар бүх зүйл английн шигшээгийн багийн ахлагч Жон Терригээс үүдэлтэй хэмээн бичиж байна. Жон Терриг ногоон талбайд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах байдал гаргасан хэмээх шалтгааны улмаас багийн ахлагчийн туузийг нь хурааж буйг Английн хөлбөмбөгийн холбоо зарлаад удаагүй. Үүнээс болж дөрвөн жил гаруй хугацаанд амь нэгтэй ажилласан Терриг өмөөрч хэвлэлүүдээр Фабио Капелло хангалттай ярьсан юм. Английн шигшээгийн түүхэнд дэлхийн хоёрдугаар дайнаас хойг хамгийн өндөр амжилт буюу 66.67 хувийн амжилттай бичигддэг дасгалжуулагч бол Фабио Капелло. Хэдийгээр дэлхийн аваргаар олигтой амжилт үзүүлээгүй ч английн олон нийт түүнд хүндэтгэлтэй ханддаг. Реал Мадрид клубын дасгалжуулагчийн албанаас шилжиж 2008 оноос өдгөөг хүртэл “Гурван Арслан”-г удирдаж олон улсын хэмжээний 42 тоглолт хийхдээ 28 ялж, найм тэнцэж, зургаа хожигдсон нь англичуудын хувьд өндөр амжилт. Итали мэргэжилтэн хэмээн англид алдаршсан тэрбээр шигшээ багийнхаа ахлагч Жон Территэй энэ хугацаанд ижилдэн дассан нь ойлгомжтой. Олон ч удаа хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө Фабио Капелло “Английн шигшээ багийн амин зүрх нь Жон Терри” хэмээн олон удаа сайшааж байсан билээ. Тиймээс Английн хөлбөмбөгийн холбооноос Жон Терриг шийтгэсэн явдалд ийнхүү эмзэг хандсан бололтой. Чухамдаа Жон Терриг орлох тоглогч түүнд олдоогүй бус, хамтран зүтгэгчээ алдахыг хүсээгүйдээ Фабио Капелло ийм шийдвэр гаргасан гэдэг нь эцсийн тайлал бололтой. Тэрбээр шүүхээс яаж ч шийдсэн Жон Терриг хэнээр ч солихгүй гэдгээ Жон Терригийн скандал олны анхааралд очихтой зэрэг мэдэгдэж байсан юм. Өдгөө 68 настай итали эрхэм 1964 онд Италийн Сери А лигийн СПАЛ клубт тоглож эхэлснээр хөлбөмбөгийн ногоон талбайтай холбогдсон нэгэн. Тэрбээр 1980 он хүртэл 16 жилийн турш СПАЛ, Рома, Ювентус, Милан клубүүдэд тоглохдоо 45 гоолын эзнээр тодорч байсан. Мөн энэ хугацаанд Италийн шигшээд 1972-1976 оны хооронд дуудагдаж нийтдээ найман гоол хаалганд шигтгэж байсан авьяаслаг тоглогч байсан. 1980 оноос зодгоо тайлснаас хойш арваад жилийн дараа тэрбээр дөрвөн улирал хүчин зүтгэж асан Милан клубынхээ ахлах дасгалжуулагчийн албыг хаших болсноор одоогийн карьерээ эхэлсэн юм. 1991-1996 оны хооронд Милан клубыг дасгалуулах хугацаандаа тэрбээр европын клубуудын дасгалжуулагчдын хамгийн том мөрөөдөл Аваргуудын лигийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртсэн нэгэн. Миланыг Аваргуудын лигийн цом хүргэснийхээ дараа тэрбээр Испанийн супер клуб Реал Мадридад очсон. Реал Мадридыг Ла лигийнх нь аварга болгож өгөөд тэрбээр нэг жилийн дараа нутагтаа эргэж ирсэн юм. Улмаар Милан, Рома, Ювентусыг дасгалжуулсныхаа дараа эргэн испанид уригдаж Реал Мадридыг дахин Ла лигийн аварга болгосон гавьяатай. Испанийн эзэн хааны клубын фэнүүдийн хувь тэрбээр яахын аргагүй асар их гавьяатан нь. 2008 онд тив дэлхийн аваргад амжилт муудсан шигшээгээ өөдлүүлэхээр Английн хөлбөмбөгийн холбоо нэлээд хэдэн нэр бүхий алдартай дасгалжуулагчдаас Фабио Капеллог сонгож урьсан гэдэг. Тэр цагаас хойш энэ эрхэм хөлбөмбөгийн орон английн шигшээг хэдийгээр тив дэлхийн аваргад хүргээгүй ч амжилттай удирдсаар ирсэн юм. Одоо нэгэнт Фабио Капелло ажлаа өгөх нь тодорхой болсон, Английн хөлбөмбөгийн холбоо ч түүний энэ шийдвэртэй эвлэрсэн тул орных нь хүний нэр бүхий таамаглал бэдчиж эхэлжээ. Тоттенхэмийн менежер Харри Реднаппын нэр тэрхүү таамаглалын тэргүүн эгнээнд буй. Мөн Ливерпулийн Рой Хожсон, английн өсвөрийн шигшээгийн дасгалжуулагч, Капеллогийн туслах Стюарт Пирс, цаашлаад Улаан чөтгөрүүдийн дасгалжуулагч алдарт Сэр Алексын нэр хүртэл хэвлэлүүдээр бичигдээд эхэлжээ. Ямартай ч түүний орны хүнийг нэн даруй олох шаардлага английн хөлбөмбөгийн холбооны өмнө тулгараад буй. Энэ зун  Польш, Укрианд болох Евро-2012, цаашлаад дэлхийн аваргын сорилт английн шигшээгийн өмнө хүлээж буй тул цаг алдах эрх хэнд ч байхгүй. Манчестер Юнайтедын довтлогч Уэйн Рүүни өөрийн твиттер хуудаснаа ”Капелло бол гайхалтай эр хүн, шилдэг дасгалжуулагч, түүнийг явж буйд би маш их харамсаж байна Гэсэн ч түүний орны хүн англичуудын дотор бий. Миний хувьд Харри Реднапп яг тохирно” хэмээсэн бол Арсеналын Жек Уилшир “Энэ мэдээг сонсоод шоконд орлоо” гэх зэргээр хөлбөмбөгчид сэтгэгдлээ илэрхийлжээ. Фабио Капелло хэдийгээр шилдэг дасгалжуулагч ч гэсэн түүнийг залгамжлах сайн дасгалжуулагч Премьер лигт хангалттай буй гэдэгт хөлбөмбөгийн хорхойтнууд санал нэгтэй байх буй за. О.Нар
Shuud.mn
Сонин хачин
hehe:
terry dee ch bas gol n bish um shig bgaan.zygeer l bagiin ahlagchiin talaarh shiidveriig dasgaljuulagch erunhiid n gargah estoi gedeg zarchmiig zurchluu gej durguitssendee ajlaa ugch bgaa um bna.
2012-02-09
Wow. Chelsea avahgui yum baihdaa
2012-02-09