Санал тоолох машиныг гаалийн татвараас чөлөөлөхийг дэмжлээ
2012-02-15

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Гантөмөр нараас өргөн барьсан Сонгуулийн автоматжуулсан тоног төхөөрөмжийг  Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны дарга О.Чулуунбатын гаргасан  горимын саналын дагуу анхны хэлэлцүүлгээр нь чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон юм. УИХ-аас  2011 оны төсвийн тухай хуулийг батлахдаа Сонгуулийн ерөнхий хорооны даргын төсвийн багцад 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулах техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамжийг худалдан авах зориулалтаар баталсан. Энэхүү хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад худалдан авах тусгай зориулалтын техник хэрэгслийн үнэ валютын ханшийн өөрчлөлтөөс хамааран өссөн, хөрөнгө оруулалтын задаргаанд эдгээр техник хэрэгслийг импортоор худалдан авахад төлөх гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцож тусгаагүй зэргээс шалтгаалан 2012 оны УИХ-ын сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулахад шаардагдах 2500 ширхэг сонгогчийн бүртгэлийн болон санал тоолох техник хэрэгсэл, программ хангамж, холбогдох үйлчилгээг худалдан авахад төсөвт тусган баталсан хөрөнгө хүрэлцэхгүй байгаа аж. Тиймээс  УИХ-аас дээр дурьдсан техник хэрэгсэл, программ хангамжийг импортоор худалдан авахад Монголын тал хариуцан төлөх гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг нэг удаа чөлөөлөх тусгай хууль батлан гаргах нь хөрөнгийн асуудлыг шуурхай шийдвэрлэх чухал болсон учраас чуулган завсарлахаас өмнө хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай байгаа гэдгийг гишүүд энэ үеэр хэлж байлаа. С.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин