Галаас урьдчилан сэргийлэх шалгалтаар 68011 зөрчил илэрчээ
2012-02-16

Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарснаас хойш гал түймрийн 515 дуудлага иржээ. Энэ нь  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33,1 хувиар өссөн  үзүүлэлтэй аж. Үүнээс 328 гал түймэр буюу 63,7 хувь нь гэр хороололд, үлдсэн 36,3 хувь нь орон сууцанд гарчээ. Дүүргээр авч үзвэл Баянзүрх дүүрэгт 126, Сонгинохайрхан 89, Чингэлтэй 83, Баянгол 78, Сүхбаатар 76, Хан-Уул 43, Налайх 18, Багануур дүүрэгт хоёр удаа гал түймэр гарсан байна. Дээрх нөхцөл байдлын улмаас Нийслэлийн Онцгой байдлын газраас Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх шалгалтыг  зохион байгуулжээ. Шалгалтанд  дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эхэлж байгаа аж ахуй нэгж байгууллага, томоохон үйлчилгээний төвүүд, гэр хорооллын айл өрхүүд хамрагдсан байна. Шалгалтаар 68011 зөрчил илрүүлж, 6572 зөрчлийг газар дээр нь арилгуулжээ. Тус хоёр дүүргийн гэр хороололд оршин суудаг айл өрх, пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдал хангагдаагүй, цахилгаан шугам сүлжээний ашиглалт, угсралтын дүрэм зөрчигдсөн, ил утастай плитка, халаагуур хэрэглэдэг, хөдөө орон нутгаас шилжин ирэгсэдийн тоо өссөнөөр нэг хашаанд байрлах гэр хоорондын зай хэт ойртсон зэрэг зарчил илэрчээ. Мөн шатах тослох материал агуулдаг, шингэрүүлсэн хийн  хэрэглээ ихэссэн,  бага насны хүүхдээ харгалзан асрах хүнгүй  орхидог, ил задгай үнс нурмаа асгаж,  хуурай хог хаягдлын цэгүүдийг  үүсгэсэн   зэрэг  зөрчлүүд их байгаа нь галын аюулгүй байдлын шаардлага, гал түймэр гарах нөхцөлийн гол шалтгаан болж байгаа нь тогтоогджээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин