Соёлын өвийн хамгаалалт сайжирав
2012-02-17

БСШУЯ, Соёлын өвийн төв хамтран монголын уламжлалт өв соёлын үнэт зүйлийг хадгалах, сурталчилан таниулах зорилгоор музейн үзмэрийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлсэн нь өв соёлыг хамгаалах ажлыг шинэ түвшинд хүргэв. Мөн “Монголын музейн үзмэрүүд” электрон цомог, “Монголын бурханы шашны урлаг I” хэвлэмэл каталоги, “Монголын үндэстний соёлын биет бус өвийн ховор хосгүй төрөл зүйлс” ном хэвлүүлсэн аж. Ингэснээр өвөг дээдсээс уламжлан ирсэн өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээх, түүнийг судлах, шаардлагатай үед цагдаа, хууль хяналтын байгууллагынхан  электрон музейн үзмэр алдагдаж солигдож байна уу гэдэгт хяналт хийх боломжтой болсон байна. “Монголын бурхан шашны урлаг I” хэвлэмэл цомог нь 2003 оноос хийгдэн эхэлсэн бөгөөд БСШУЯ-ны санаачлагаар Англи дахь Төвдийн сан, Соёлын төвийн хамтын бүтээл ажээ. Хэвлэмэл цомогт бурхан шашны дэлгэмэл бүтээл буюу танка зураг, зээгт наамал, оёмол хатгамал зүйлсээс бүрдсэн таван музейн 442 шилдэг бүтээл багтжээ. Нийт 2000 хувь хэвлэгдсэн бөгөөд  үүнээс 446 ширхэгийг нь улсын хэмжээний музей, номын сангуудаар, их дээд сургуулийн номын сан, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдээр үнэгүй тарааж байна. Түүнчлэн 54 ширхэгийг 16 дугаар Далай ламын номын санд болон Англи дахь Төвдийн сангаас төсөлд оролцож буй оролцогсдод өгөх юм. 1500 ширхэгийг нь гадаадад худалдаалж, дараагийн цуврал ботиудыг хийх санхүүгийн эх үүсвэрийг бий болгох юм. “Монголын музейн үзмэрүүд” цахим цомгийн тухайд, улс аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэр, эд өлгийн зүйлийг Монголын өмч гэдгийг баталж, түүнийг хулгайд алдахаас сэргийлэх, хууль бусаар солих, үрэгдэхээс хамгаалах зорилготой аж. www. movable.eheritage.mn цахим цомгоор Монголын үнэт өв соёлын үнэт зүйлсийг дэлхий дахинд түгэн дэлгэрүүлж, тухайн үзмэр аливаа эрсдэлд орсон тохиолдолд хил гааль, цагдаагийн байгууллагыг мэдээллээр шуурхай хангахаар болжээ. Цахим цомогт эхний ээлжинд 1995-2010 оны Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт 593 зүйлс, улс, аймгийн музейн сан хөмрөгт байдаг шилдэг 4746 үзмэрийн гэрэл зураг , товч мэдээллийг оруулсан байна. “Монголын үндэстний соёлын биет бус өвийн ховор хосгүй төрөл зүйлс” номын тухайд Монгол үндэсний болон “Юнеско” -ийн жагсаалтанд бүртгүүлж, “дэлхийд данстай болсон өв, соёлын биет бус өвийн тухай бүхий л мэдээллийг сурталчлан таниулах зорилготой ажээ. Энэхүү  номыг Монгол, Англи хэлээр Соёлын өвийн төв, Юнескогийн Монголын Үндэсний комисс хамтран гаргасан бөгөөд Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн билэг авъяастны улсын жагсаалтад бүртгэгдсэн 100 авъяастны товч намтрыг багтаасан аж Н.Дэлгэр
Shuud.mn
Сонин хачин