МОНГОЛ Улсын Их Хурлын СОНГУУЛИЙН тухай хуулийн зарим зүйл, заалтуудаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэлээ
2012-02-17

Иргэн П.Одгэрэл, Б.Цогтгэрэл, Н.Ариунболд, П.Сэрсмаа, Н.Чадраабал, Ё.Бямбатогтох нараас Үндсэн хуулийн цэцэд хандаж 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хууль зөрчиж байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ.

Улсын Их Хурлын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож болохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчиж байна гэсэн дээрх нэр бүхий хүмүүсийн мэдээллийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дараах зүйл, заалтуудаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байна.

Дээрх нэр бүхий хүмүүсийн мэдээлэлд, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, 49.1.6 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2,  Гуравдугаар зүйлийн 1, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчсөн гэж үзжээ.

Уг маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан  энэ оны гуравдугаар сарын сүүлийн хагаст болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

2012.02.17

Shuud.mn
Сонин хачин