НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дээр Сирийн асуудлыг дахин хэлэлцэнэ
2012-03-13

НҮБ-ын Сирийг зорьсон сүүлчийн төлөөлөгч хэмээгдээд буй ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннаны зорьсон хэрэг бүтэлгүй боллоо. НҮБ-ын мандаттай цэнхэр дуулгатнууд Сирийг зорихоос өмнө тус улсад үүсээд буй нөхцөл байдлыг яриа хэлэлцээрийн аргаар зохицуулж гал зогсоох зорилготой сүүлчийн оролдлого гэж хэлж болохуйц Кофи Аннаны Дамаск дахь айлчлалаас ердөө хэдхэн цагийн дараа Хомс хотод 45 энгийн иргэний амийг хөнөөсөн хэрэг явдал гарсан байна. Кофи Аннан Башар Ассад нарын уулзалтын үеэр гал зогсоож сөрөг хүчнийхэнтэй хэл амаа ололцох тухай хэлцэл хийгдсэн ч ийнхүү бодит байдал дээр үр дүнгээ өгөхгүй байна хэмээн НҮБ-ын шинжээчид мэдэгдсэн байна. Тиймээс Сирийн ерөнхийлөгч Башар Ассадыг хүчээр унагаж гал зогсоох тухай асуудал НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хүрээнд дахин тавигдах бололтой. Энэ талаар АНУ-ын Төрмийн департаментаас мэдэгдэл ч хийжээ. Зөвхөн өнгөрсөн ням гаригт л гэхэд дайн тулааны хөлд үрэгдэж 108 энгийн иргэд, хүүхэд эмэгтэйчүүд амиа алдсан гэх мэдээлэл Сириэс ирээд байгаа юм. Тиймээс АНУ тэргүүтэй өрнөдийнхөн асуудлыг хүчээр шийдэхээс өөр аргагүй хэмээн үзээд байгаа билээ. Харин Хятад, ОХУ-ын талаас улс орны дотоод хэрэгт хөндлөнгшөөс оролцохгүй байхыг уриалж НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дээр хориг тавиад байгаа юм. Н.Өрнө
Shuud.mn
Сонин хачин