АСК аваргуудаа тодрууллаа
2012-03-28

Оюутан залуусыг сэтгэлгээ, авхаалж самбаа, авъяас билэг, ур чадвар, мэдлэг оюун зэрэг бүхий л талаар өрсөлдүүлдэг “АСК-2012” тэмцээн аваргуудаа тодрууллаа. Шилдэг үзүүлбэр номерууд нь амьд тоглолтоор онцлогтой энэ жилийн АСК-2012 тэмцээнд 30 гаруй их, дээд сургууль оролцсоноос шилдэг гуравт ШУТИС-ийн “Супер инженерүүд”, Төмөр замын их сургуулийн “Төмөр могой”, Батлан хамгаалахын их сургуулийн “Алтан соёмбо” багууд тунан үлдсэн билээ. Эдгээрээс “АСК 2012” тэмцээний аваргаар ШУТИС-ийн “Супер инженерүүд” шалгарч Органик үйлдвэрлэл, Органик хэрэглээ уриан дор үйл ажиллагаа явуулж байгаа Үндэсний шилдэг үйлдвэрлэгч UFC группээс 10 сая төгрөгийг гардан авсан юм. “АСК 2012”-ийн аварга ШУТИС-ийн “Супер инженерүүд” багийн ахлагч: Маш их баяртай байна. Түрүү жил бид 2-р байранд орж байсан бол энэ жил бид санасандаа хүрч аварга авч чадлаа. Маш олон сар АСК-ын тайзнаа өөрсдийн бүх хүч хөдөлмөрөө зориулсаны үр дүнд ялалтын үнэ цэнийг үнэхээр мэдэрч байна. UFC Трейд ХХК-ийн Гүйцэтгэх Захирал О.Амаржаргал: МҮОНРТ-тэй хамтран UFC групп 3жилийн хугацаанд Ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаа. Аливаа компаний нийгмийн хариуцлагын хүрээнд оюутан залуусын хөгжлийн төлөө тэдний ирээдүйн мэдлэг боловсролыг сайжруулахын төлөө бид дэмжин ажиллаж байгаа билээ. Энэ жилийн тэмцээний онцлог нь оюутнуудын оролцоо тэдний илэрхийлж буй санаа, үзүүлбэрүүд илүү нарийн өргөн утга санааг агуулж байгаа нь харагдаж байна. Анх “Авхаалж сэргэлэнчүүдийн клуб” нэртэйгээр 1970-1980-аад он хүртэл зохион байгуулагдаж ирсэн энэхүү цэнгээнт , залуусын тэмцээнийг МҮОНРТ, “UFC” групп хамтран гурван жилийн өмнөөс дахин эхлүүлсэн билээ. Шагналын сангийн 14,5 сая төгрөгөөс гуравдугаар байранд орсон “Алтан соёмбо” нэг сая таван зуун мянган төгрөг хүртсэн бол, дэд байранд орсон “Төмөр могой” багаараа гурван сая төгрөгийн эзэд боллоо.
Shuud.mn
Сонин хачин