Манай сайтын хамт олон өнгөрсөн оноос эхлэн нийгмийн хариуцлагыг тэргүүнд тавьж, сар бүр нийслэл хотод хүндхэн амьдарч байгаа нэгэн айлыг зорьж очих болсон билээ. Гэхдээ “амьдрал хүнд байна” гээд арчаагаа алдаж, архинд толгойгоо мэдүүлж, төр засгаас бэлэн юм нэхээд суудаг нэгнийг биш хүнд, хэцүү амьдралын шуургыг сөрж яваа өрхийг, тийм өрхийн тэргүүнийг сонгодог гэдгийг уншигч та андахгүй биз ээ. Энэ удаа бид гурав дахь сурвалжлагаа хийж байгаа бөгөөд өмнөх сурвалжлагаа бид Чингэлтэй дүүргийн нутагт амьдардаг Ч.Төрмөнх хэмээх ажилсаг залууг зорьж очин сурвалжлагаа бэлдэж байсан нь олон ч хүнд хүрсэн. Харин энэ удаа бид Баянзүрх дүүргийг сонгосон. Тус дүүргийг XXI хорооны хэсгийг ахлагч Н.Янжмаа эгчтэй уулзан нэгэн айлыг сонгосон нь Н.Мөнхцэцэг эгчийнх байлаа.
Юуны өмнө ажлын маань хамт олон сэтгэлийн өглөг болгож хэдэн төгрөг нийлүүлээд, түүгээрээ мах, гурил, будаа, ногоо, сүү, тараг гээд ойр зуурын хүнсний зүйлс цуглууллаа. Хэдийгээр махнаас эхлээд л юмны үнэ өндөр байсан ч чамлахааргүй зүйлсийг худалдан аваад сурвалжлагын эзнийх рүү очлоо.
Н.Мөнхцэцэг эгч маань өрх толгойлсон эмэгтэй. 0-17 насны хоёр охин, гурван хүүтэй. Бидний нэрлэдэгээр “Ганц худаг” орчимд ганц гэрээрээ айлуудаас зайдуухан буужээ. Хашаагүй бор гэрийн гадаа тоосгоны хэлтэрхийнүүд, гөлөгтэйгээ хэвтэх халтар нохой, дотор нь харласан төмөр торхоос өөр зүйл нүдэнд үл тусна.
Энэ өдөр гадаа салхитай, зэврүүхэн өдөр байсан ч пүн гэсэн дулаахан гэр биднийг угтсан. Гэрт ороход Н.Мөнхцэцэг эгч дөрвөн хүүхдийн хамт байлаа. Гэрийн эд хогшил гэвэл хоёр ор, зурагт, ширээ, хоолны шүүгээ. Харин хоол ундны зүйл гээд байх зүйл энэ айлд бараг байхгүй бололтой нэг жижиг тогооны ёроолд жаахан өөхөн тос л харагдаж байсан юм. Ингээд Н.Мөнхцэцэг эгчтэй ярилцлаа.
-Юуны өмнө та өөрийгөө танилцуулаач?
-Намайг Н.Мөнхцэцэг гэдэг. Говь-Алтай аймагт төрж, өссөн. Арван жилийн сургуулиа төгсөөд 15 жилийн өмнө хотод орж ирсэн.Одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй л байна.
-Та тэгээд хүүхдүүдээ яаж тэжээж байна вэ?
-Эгч нь зундаа хаягдал хар цаас түүгээд түүнийгээ хайлуулаад лак гаргаж авдаг. Тэрийгээ “100 айл” дээр аваачаад нэг кг-ийг нь 300 төгрөгөөр зарж хэдэн төгрөг олдог. Харин өвөл хар цаасны олдоц ховор байдаг. Эзэмшсэн мэргэжилгүй болохоор ажил олдохгүй юм. Ганц нэг ажил олдохоор цалин багатай байх юм. Ер нь мэргэжилгүй хүнд тохирсон ажлын цалин ямар байх нь тодорхой шүү дээ. Ажил хийгээд явчихаар арагшаа энэ хэддээ санаа зовоод байх юм. Том охин ажилтай болохоор энэ дөрөв гэрээ харж үлддэг. Намайг өдөртөө байхгүй болохоор энэ хэд маань бүр зутарч орхих юм. Сүүлийн хэдэн өдөр барилга дээр найзтайгаа замаск татаад зуу орчим мянган төгрөг авсан. Тэгээд өртэй болохоор тэр нь юу ч болохгүй юм. Одоо зун болж байна. Ажил овоо олдох байхаа. Эгч нь ажил голдоггүй ээ. Уг нь боломж байдаг бол хувиараа ажил хийх юмсан л гэж боддог. Тэгвэл энэ хэддээ ч ойр байгаад, амар шүү дээ. Хоолны мөнгөгүй болоод саяхан угаалгын машинаа зарчихсан.
-Та хэд минь тэгээд яаж амьдарч байна даа. Хүний хөгжлийн мөнгөө авч байгаа юу?
- Авч байгаа. Тэр мөнгөөрөө л амьдарч байна. Хамгийн бага маань 10 сартай. Түүнийхээ бичиг баримтыг харин одоо болтол авч чадаагүй байгаа.
-Яагаад вэ. Хүү чинь төрөөд бараг ой хүрэх гэж байхад Монгол Улсын иргэн гэдгээ бүртгүүлж чадаагүй, улсаас үзүүлж буй нийгмийн халамжаа ч хүртэж чадахгүй байна шүү дээ?
-Зургаан жилийн өмнө нөхөр маань биднийг орхиод явсан. Тэр хүнээс гэрлэлтийн баталгаагаа салгуулаагүй байгаа болохоор хүүгийнхээ төрсний гэрчилгээг авах гэхээр миний нэрээр овоглож болохгүй. Заавал энэ хүнийхээ /салсан нөхрийн/ иргэний үнэмлэхийг авчир гээд байдаг. Гэтэл би одоо тэр хүний хаа явааг нь ч мэдэхгүй.
-Тэгвэл хоёр бага хүүхдийн аав хаана явна вэ?
-Гурван том хүүхдийнхээ ааваас салаад олон жил өнгөрч байна. Харин хоёр бага хүүхдээ эгч нь нөхөргүй гаргасан. /Ийнхүү хариулах түүнээс дахин нөхрийн талаар асууж сэтгэлийг нь зовохыг бодсонгүй. Энэ сэдвийн талаар дахин сөхөөгүй юм/
-Танай том хүүхэд харагдахгүй байх чинь, та нартай хамт амьдардаг биз дээ?
-Охин маань “Нарантуул” захад цайны газарт угаагч хийдэг. 150 мянган төгрөгийн цалинтай. Надад нэмэр болж л байна. Заримдаа гэртээ ирээд, заримдаа автобусны мөнгөгүй болохоороо “Цайз зах”-ын тэнд байдаг манай дүүгийнд оччихдог юм.
-Хүүхдүүд сургууль, цэцэрлэгт хамрагдаж байгаа юу. Дунд хоёр хүүхэд чинь хэддүгээр ангид сурдаг вэ?
-Хүү маань естэй, охин 10-тай. Хоёулаа энэ жил гуравдугаар ангид суралцах ёстой байсан. Харин өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш хичээлдээ яваагүй, сургууль завсардсан. Манай энэ хавьд сургууль цэцэрлэг байдаггүй. Хамгийн ойрхон сургууль нь Дунд буудлын тэнд байдаг. Эндээс хоёр ч автобус дамжиж явдаг болохоор автобусны мөнгө байхгүй хичээлдээ явж чадахгүй байна. Одоо чинь сургуулийн хүүхдээс мөнгө нэхээд автобусанд явуулахгүй юм байна шүү дээ. Энэ намар л яаж ийж байгаад сургуульд нь оруулаад, төгсгөнө гэж бодож байгаа. Хүүхдүүдээ хичээлд нь явуулж чадахгүй байгаа болохоор эднийгээ өрөвдөх юм. Сургуульдаа уг нь их дуртай байдаг. Ямар сайндаа охин Хонгорзул маань нэг өдөр усанд яваад гаднаас орж ирэхдээ “Сургуульдаа явж байгаа хүүхдүүдийг хараад, дотор эвгүй болчихлоо” гэсээр орж ирсэн.
-Хамгийн багийн дээдэх нь хэдэн настай вэ. Хацар нь яачихсан юм бэ?
-Ой найман сартай. Ус уугаад түүхий гарчихсан. Хэсгийнхээ эмнэлэгт үзүүлэхээр арьсны эмнэлэг рүү оч гэх байх гэж бодоод гэрээрээ эмчилэх гээд л үзэж байна.
-Танайх хашаа байхгүй, дээрээс нь айлуудаас их зайдуу буусан юм байна. Та хэд шөнө орой айдаг уу. Бас тоггүй юм шиг байна?
-Гэрлийнхээ мөнгийг төлөөгүй болохоор тогоо таслуулчихсан байгаа. Манайх энд буугаад тав орчим жил болж байна. Бараг дасч дээ. Хүн амьтан айлгаж ичээх нь гайгүй л байдаг. Дээр л нэг удаа энэ хавийн нэг согтуу хүн тооноор орж ирэх гээд бөөн юм болсон. Эгч нь энэ зэлүүд шахуу газрыг сахиад суугаад байсных газраа өмчилж авах зөвшөөрлөө энэ жил авсан. Гэхдээ кадастар энэ тэрээ бүрдүүлж аваагүй л байна. Тэгж байгаад нэг хашаа хатгачих юмсан л гэж бодож байна.
-
Одоо ч цаг наашилж. Урин цаг ирж байна. Нүүрс, түлээгээ залгуулах нэг том даваанаас түр ч гэсэн салж байгаа байх. Өнгөрсөн нэгдүгээр сард ч их хүйтэрсэн шүү дээ?
-Манайх ихэвчлэн үртэс түлдэг. Тэгээд кардон цаас, олдвол нүүрс түлээд өнгөрөөлөө. Би ч гэрийн сайхныг энэ жил л мэдэрлээ. Гэр арчилаад, аваад явахад хэцүү л гэдэг. Гэтэл гэр хэдийгээр хөрөх нь амархан ч жаахан л юмаар халчихдаг. Тэр нь сайхан юм даа. Эгч нь хөдөө өссөн болохоор даарч хөрөхийг нэг их тоодоггүй ээ. Энэ хэд маань орчиндоо зохицож дээ. Ямар ч байсан өвлийг даваад гарлаа.
-Та эхээсээ хэдүүлээ вэ. Тэд чинь таньд тусалж байна уу?
-Эхээс тавуулаа. Ээж маань бий. Дүүтэй хамт амьдардаг. Тэд маань хааяа ирдэг. Ирэхдээ 5-10 мянган төгрөг өгдөг л юм. Гэхдээ сүүлийн үед ирэхгүй л байна.
…”Эгч нь нэг их сэтгэлээр унаад байдаггүй. Болж, бүтэх байх л гэж боддог доо. Одоо та хэдийн авчирч өгсөн хүнсээр ёстой сайхан хоол хийж идье. Бид нар кг-ийн мах авч идээгүй бараг хоёр сар болж байна. Толгой, цувдаа идээд болгодог. Хүүхдүүддээ захаас яс авчираад чанаж, шөл гаргаад гурил, будаа чанаад өгчихдөг. Гэхдээ чамлахааргүй, гололтгүй, хоосон яс ч гэсэн сайхан шөл гараад, хүүхдүүдэд тэжээлтэй л байдаг юм” хэмээн Мөнхцэцэг эгч маань хэлж байсан. Хоёр дунд хүүхэд ч хоорондоо эд нар явах гэж байна хэмээн бид нарыг явахыг хүлээж байгаа нь илт.
Монгол Улсад нэгэн өрх ийнхүү шар нар, бор хоногийг зутруухан өнгөрөөж байна. Гэхдээ бидний авчирч өгсөн хүнсээр халуун ам бүлээрээ сайхан хоол хийж идэн, хэдэн өдөр ч гэсэн гэдэс цатгалан өнгөрөөх нь гэж бодохоор бидний сэтгэл ч гэсэн өег байсныг нуух юун. Хэдийгээр Н.Мөнхцэцэг эгч хэдэн хүүхдээ хүнээс дутаахгүй авч явж чадахгүй байгаа гэсэн ч өнөөдөр тэднийгээ траншейнд оруулчихгүй, гуйлга гуйлгуулчихгүй л явна. Хэрэв өмөг түшиг болох сайхан хань ижилтэй байсан бол энэ эгч маань ингэж зүдэрч яваа ч уу үгүй ч юу. Хэдэн хүүхдээ хэнээс дутуугүй аваад явчих л байсан.Өнөөдөр хэн нэгэн хариуцлаггүй, үүргээ ухамсарладаггүй эр нөхөр, эцгээс болж балчир үрс хохирох ёсгүй билээ.
Хүнд хэцүү амьдралын шуурганд сөхөрч яваа ч “болно доо” гэсэн итгэл тээн яваа Мөнхцэцэг эгч, түүний таван сайхан үрд энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Гэрэл зургийг Н.Ариунаа, сурвалжлагч Д.Туяа