С.Батболд: МҮХАҮТ эх орныхоо бизнесийн салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан нэр хүндтэй байгууллага боллоо
2010-12-09

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын нийт гишүүд,дэмжигчид ээ, XVIII их хурлын зочид, төлөөлөгчид өө,

Бизнес эрхлэгчдийнхээ итгэлийг тээж Монгол Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимынхаа XVIII Их хуралд оролцож буй төлөөлөгчид та бүхэндээ чин сэтгэлийн баярын мэндийг хүргэе. Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим нь эх орныхоо худалдаа, үйлдвэрлэл, бизнесийн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй манай улсын нэр хүнд бүхий, томоохон байгууллага болсон нь бизнес эрхлэгчид та бүхний хичээл зүтгэл, идэвхи санаачлагын үр дүн билээ.  Та бүхэн үйл ажиллагаагаараа ч, үйлс бүтээлээрээ ч, нэгдэн нийлэх арга хэлбэрээрээ ч нийгмийн хөгжлийн манлайд нь явж ирсэн.

Бизнес эрхлэгч та бүхний санаачлагаар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын саналаар Монгол улсын Засгийн газар 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж, арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.

Бизнес эрхлэлтийн орчныг сайжруулах үйл ажиллагаа нь зөвхөн нэг удаад, нэг жилд хийгдэх ажил бус цаашид байнга шинэчлэн сайжруулж байх учиртай тасралтгүй үйл явц мөн. Тиймээс бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа өргөжүүлэх, өсч дэвжихэд хүндрэл учруулдаг элдэв саад бэрхшээлийг арилгаж таатай орчин нөхцлийг бий болгохын тулд ирэх жилүүдэд ч шинэчлэлт, өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байх болно.

Өнөө үед компанийн сайн засаглалын жишгийг нутагшуулах, удирдлагын нээлттэй байдлыг хангах нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг дэлхийн түвшинд ахиулахад үлэмж их ач холбогдолтой болоод байна. Энэ асуудлаар танхим манлайлал, үлгэр дуриалал болж ирсэн бөгөөд цаашид ч олон ажил өрнүүлж, байр суурь, үзэл бодлоо баталгаажуулах хэрэгтэй гэж бодож байна.

Төр-хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх, хөгжүүлэх үйлсэд  Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим ихээхэн идэвхи санаачлагатай оролцож Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого, Концессын тухай хууль зэргийг батлуулан гаргахад  томоохон хувь нэмэр оруулж ирснийг дурдахад таатай байна.

Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшилд шилжүүлэх, тусгай зөвшөөрөл, лицензын тоог багасгах,  экспортыг хөгжүүлэх, хил худалдааг хөнгөвчлөх,  төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтын журмын тухай хуулийг боловсронгуй болгон өөрчлөн сайжруулах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалан сэргээх, ногоон эдийн засагт шилжих зэрэг олон тооны санал, төслүүдийг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Засгийн газарт боловсруулж өгсөн.

Эдгээр саналуудыг Засгийн газар, холбогдох яамдын түвшинд анхааралтай судалж цаашдын үйл ажиллагаа, бодлого шийдвэртээ тусган ажиллана. Мөн 2001 оноос эхлэн улс орны нийгэм-эдийн засгийн амьдралд  томоохон хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн шалгаруулалтыг Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран  гүйцэтгэж ирсэн нь төр-хувийн хэвшлийн түншлэлийн  үндэс суурийг тавьсан, нааштай алхам болсон. Цаашид ч төрөөс хувийн хэвшилтэй хамтран ажиллах, тэдний бизнес эрхлэх орчин нөхцлийг сайжруулах чиглэлд  боломжтой бүхий л арга хэмжээг авахаар ажиллаж байна. Жижиг дунд үйлдвэрлэл, бичил бизнесийг дэмжиж, их бүтээн байгуулалтанд үндэснийхээ үйлдвэрлэгчийг оруулахаар төлөвлөж байна.

Өнгөрсөн жилүүдэд манай улсад гарч байгаа эдийн засгийн өсөлтийн хувь тус бүр нь бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэний нөр их хөдөлмөр, бүтээлч сэтгэлгээ, үйл ажиллагааны үр дүн байсан. Тиймээс Монгол Улсын ойрын ирээдүйн эрчимтэй хөгжлийн талаарх төсөөлөл, таамаглалыг бодит биелэл болгон хэрэгжүүлэхэд Засгийн газар болон хувийн хэвшлийн нягт хамтын ажиллагаа, бодлогын уялдаа нэн чухал үүрэг гүйцэтгэх учиртай.

Ирэх жилүүдэд монгол улсын эдийн засаг, бизнесийн хөгжлийн талаар баримтлах бодлого, үндсэн чиглэл зэрэг өргөн хүрээний асуудлаар төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэхэд энэхүү их хурал чухал үүрэг гүйцэтгэж томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нь манай хамтарсан Засгийн газартай үр бүтээлтэй хамтын ажиллагаатай явж ирсэнд талархаж байна. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нь олон улсад танигдан, хүлээн зөвшөөрөгдөж хамтран ажилладаг нэр төртэй байгууллага болж чадсан. Энэ бүхэн одоог хүртэл удирдаж ирсэн үе үеийн удирдлага, өнөөгийн тэргүүн С.Дэмбэрэлийн хичээл зүтгэл, идэвхи санаачилга, мэдлэг боловсролтой шууд холбоотойг та бид сайн мэднэ. Өмнөх Засгийн газруудын нэгэн адил манай Засгийн газар ч гэсэн одоогийн удирдлагатай бизнесийн орчны шинэтгэлийн олон асуудлаар цаашид ч хамтран ажиллахад таатай байх болно.

Монгол Улсын Засгийн газар улс орынхоо эдийн засагт хамгийн чухал хувь нэмэр оруулж ирсэн өнгөрсөн он жилүүдэд хийгээд өнөөдөр ч гэсэн ачааны хүндийг үүрч байгаа та бүхэнтэйгээ бизнес, эдийн засгийн хөгжлийн олон талын асуудлаар хамтран ажиллахад бэлэн байна.

Энэхүү XVIII их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч манай улсын бизнес, хувийн хэвшлийнхний гол төлөөлөл болсон Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын гишүүд та бүхний эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаа өргөжин тэлж, өсч дэвжихийг хүсэн ерөөе.

Shuud.mn
Сонин хачин