Хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүнийг татваргүй экспортлох талаар ярилцав
2012-04-11

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Япон Улсын Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яам хоорондын техникийн зөвлөлдөх V уулзалт Токио хотноо болж байгаа. Энэхүү уулзалтын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд П.Баянмөнх Япон Улсын Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хироко Наканотой Токио хотноо уулзаж хоёр талын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ. Хоёр улсын хооронд байгуулахаар тохиролцсон Эдийн засгийн түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд мах, чацаргана, ноос ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүн, жамц давс, хонины ноосоор хийсэн барилгын дулаалгын материал зэргийг татваргүйгээр экспортлох боломжийг бүрдүүлэх талаар ярилцжээ. Мөн манай талаас санхүүгийн бололцоо муутай фермер, өрхийн аж ахуйд дэмжих чиглэлээр төсөл хэрэгжүүлэх, хөдөөг хоршооллын чиглэлээр цаашид хамтран ажиллах саналыг Японы талд тавьж, харилцан ярилцсан байна. Дэд сайд П.Баянмөнх айлчлалынхаа хүрээнд тус улсын Гадаад хэргийн дэд сайд болон Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны удирдлагуудтай уулзан хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар яриа, хэлэлцээ хийхээс гадна Токиогийн Хөдөө аж ахуйн бараа түүхий эдийн биржид зочлон, туршлага судлах аж.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин