ХАА-н улсын тооллогын бэлтгэл ажил эхэллээ
2012-05-01

ХАА-н 2012 оны улсын тооллого энэ сарын 25-ны өдрийн 09 цагт улс орон даяар эхэлж, ирэх сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Уг тооллогоор газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг өрх, аж ахуйн нэгж, байгууллага бүрэн хамрагдах аж.   Мал аж ахуйн хувьд малын 2011 оны тооллогоор тоологдсон малтай өрхийн 33.0 хувийг түүврийн аргаар сонгон авч мал аж ахуйн тооллогод хамруулна. Манай улс  ХАА-н тооллогыг анх удаагаа явуулж байгаа бөгөөд тооллогын үр дүнд хөдөө аж ахуйн салбарын үндсэн үзүүлэлтүүдээс гадна хөдөөгийн хөгжил, байгаль орчин, ус, газар ашиглалт, цөлжилт, загас, ойн аж ахуйн талаархи мэдээллийг бүрдүүлэх юм.   Түүнчлэн хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж буй өрхийн үйлдвэрлэл, орлого, зардал, хүнсний хомсдол, хангамж, санхүү, мал эмнэлгийн үйлчилгээ зэрэг бусад нэмэлт мэдээллийг цуглуулах боломж бүрдэж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм байна. Тооллогыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд сургагч багш нарын зориулсан сургалт өнөөдөр ҮСХ-н дээр эхэлжээ.   Олон улсын хэмжээнд ХАА-н тооллогыг НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага үүсгэн байгуулагдсанаас хойш гишүүн орнуудтайгаа хүнс, хөдөө ажахуйн статистик мэдээллийн хамралт, үнэн зөв байдал, чанарыг дээшлүүлэх тал дээр хамтран ажилласаар ирсэн юм. Тус байгууллагаас ХАА-н тооллогыг 2006-2015 онд явуулах Нэгдсэн Хөтөлбөрийг боловсруулж, улс орнуудыг ХАА-н тооллогыг аль болох 2010 онтой ойролцоо жилүүдэд зохион явуулж, олон улстай зэрэгцүүлэгдэхүйц, ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулахыг уриалсан аж.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин