Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль хэрэгжиж эхэллээ
2012-05-01

Улсын Их Хурлаас энэ оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн сонирхлыг хувийн сонирхлоос дээгүүр тавьж ажиллахыг эрхэмлэсэн ажээ. Хуульд заасанчлан нийтийн албан тушаалтнууд бэлэг, хандив авах, сурталчилгаанд оролцох, шийдвэр гаргахад нөлөөлөх, нэмэлт төлбөр авах, албаны мэдээллийг задруулах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, давхар ажил эрхлэх, бусад аж ахуйн нэгжийг төлөөлөх зэрэг 12 төрлийн хориглолт, хязгаарлалт тавигдаж байгаа бөгөөд захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тухай бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл болон жил бүр хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, мөн нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргах ёстой болж байна.

Авлигатай тэмцэх газраас төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнуудыг оролцуулан Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг танилцуулах цуврал сургалтыг зохион байгууллаа. Хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг албан тушаал тус бүрээр танилцуулж, дээрх 12 төрлийн хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлага, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллага, түүний удирдлагын хүлээх үүрэг болон хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргахтай холбогдсон харилцааг зохицуулсан журмын талаар сургалтад оролцогчдод дэлгэрэнгүй таниулж, мэдээлжээ.

Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуультай зэрэгцэн Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хууль мөн энэ өдрөөс хэрэгжиж эхэллээ. Хэрвээ албан тушаалтан зургаан сарын цалин хөлс, орлогоос илүү хөрөнгө, орлогыг хууль ёсны дагуу олсон тухайгаа үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй бол үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн үзэж, үүнийг авлигын зөрчилд тооцох талаар Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бол Эрүүгийн хуульд хууль бусаар хөрөнгөжих хэмээх шинэ зүйл нэмэгджээ.

 Төрийн байгууллагууд, албан тушаалтнуудын уг хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаад Авлигатай тэмцэх газар хяналт тавих бөгөөд Авлигатай тэмцэх газар болон шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хянах юм байна.

Shuud.mn
Сонин хачин