
Монгол улс болон Австрали улс хоорондын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны тухай, Австрали улсын зах зээлд нэвтрэхэд Монголын бизнес эрхлэгчид юу анхаарах ёстой талаар, Австрали улсаас манай улсад үзүүлж байгаа хөнгөлөлтийн ерөнхий системийн тухай, Монгол улсаас Австрали улс руу экспортлож байгаа болон цаашид экспортлох боломжтой бүтээгдэхүүнүүдийн талаар ярилцах боломж гарчээ.
Тодруулбал, МҮХАҮТ-ын гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр явуулж буй ажлын хүрээнд Экспортыг Дэмжих Хөгжүүлэх Хэлтсээс The Australian Trade Commission Austrade /Австралийн Засгийн Газар Худалдаа Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Агентлаг/-УБ дахь төлөөлөгчийн газартай хамтран бизнес эрхлэгчдэд зориулан “Австрали улсын зах зээлд нэвтрэх боломж“ сэдвээр сургалт-уулзалт зохион байгуулах гэж байгаа аж.
Австрали улс нь өөрийн Хөнгөлөлтийн Ерөнхий Систем буюу GSP-гээрээ дамжуулан хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа ба уг хөтөлбөртөө нэн буурай хөгжилтэй, хөгжиж буй орныг оролцуулан тодорхой нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн татварын хөнгөлөлт эдлэх давуу эрх олгож буй. Харин энэхүү хөтөлбөрт Монгол Улс хамрагдаж байгаа ба Монгол Улсаас гарал үүсэлтэй бараа бүтээгдэхүүнд Хөнгөлөлтийн Ерөнхий Системийн дагуу гаалийн татварын хөнгөлөлтөйгөөр Австрали улсын хилээр нэвтрэх боломжтой юм.
Сургалт-уулзалт нь ирэх арваннэгдүгээр сарын 9-ний өдөр 10:00 цагаас МҮХАҮТ-ын байранд болох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ