1790 хүн 156 тонн хог зайлуулав

img

БОАЖЯ-наас өрнүүлж буй “Байгаль хамгаалах намрын сарын аян”, 2011 онд дэвшүүлсэн “Усны жил”-ийн зорилт, мөн нийслэл хот байгуулагдсаны 372 жилийн ойг угтан Улаанбаатар хотын томоохон голууд дагуу их цэвэрлэгээг гурван өдөр зохион байгуулав. 13,14,15-ны өдрүүдэд өрнүүлсэн энэ их цэвэрлэгээнд Туул, Сэлбэ, Улиастай гол дагуух 25 км газрыг хамрууллаа. БОАЖЯ, Усны газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн байгаль хамгаалах газраас санаачилсан “ГОЛ УСАА ХАЙРЛАЯ” уриатай энэ ажилд Ус сувгийн удирдах газар, Монголын Зэвсэгт хүчний жанжин штаб, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, III, IV цахилгаан станц, “Тунгаа төв” ТББ, Монголын оюутны холбоо, “Скайтел”, “АПУ”, Номин констракшн зэрэг байгууллага нэгдэн ажиллав. Тодруулбал, Монголын Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа цэргийн 032, 014, 016, 120, 326-р ангийн 400 орчим албан хаагч, экологийн чиглэлээр боловсрол олгодог ХААИС, “ЭКО АЗИ” дээд сургуулийн 250 орчим оюутан, III цахилгаан станцын 600, IV цахилгаан станцын 400, Ус сувгийн удирдах газрын 40, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн 30, Номин констракшнны 60 ажилтан буюу нийт 1790 орчим хүн оролцсон байна. Цэвэрлэгээг Баянзүрхийн гүүр - Маршалын гүүр - Зайсангийн гүүр - Яармагийн гүүр - Сонсголонгийн гүүр - Нисэхийн арын Хар усан тохой гэсэн маршрутаар голын хоёр эргээр 20 км газарт хийлээ. Мөн Баянзүрх дүүргийн ХХ хорооны нутаг дэвсгэр дэх Улиастайн гол дагуу 5 км газрыг ч хамруулав. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Усны газрын нэгдсэн дүнгээр 156 тонн хог хаягдлыг цэвэрлэж, зайлуулсан байна. Хог тээвэрлэлтийг III, IV цахилгаан станцын болон Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаниудын 12 машин техникээр 26 рэйс гүйцэтгэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ