Х.НЯМБААТАРАА ЭРХ МЭДЭЛТЭЙ БАЙХДАА ЯАГААД ДУУГҮЙ БАЙСАН ЮМ БЭ?

img

 

Шударга бус улстөрчдөд нэг муухай зан бий. Эрх мэдэлтэй байхдаа дуугүй, эрх ашгийн хүрээлэлдээ байхдаа нүдэн балай, чихэн дүлий явсан хүмүүс эрх мэдлээс мултарсан хойноо гэнэт үнэний дуу хоолой болж хувирдаг. Өчигдөрхөн хамт сууж, хамт шийдвэр гаргаж, нэг ширээний ард эрх ашгаа ярилцаж явсан хүмүүсээ олон нийтийн өмнө илчилж эхэлдэг. Тэгээд л нийгэмд шударга ёсны төлөө тэмцэгчийн дүр бүтээх нь бий. Х.Нямбаатар яг ийм байна. Нийслэлийн Засаг дарга асан тэрбээр өнгөрсөн бямба гарагт ээлжит шууд дамжуулалтаа хийж, улс төр, биз несийн хүрээнийхний хооронд үүссэн байж болзошгүй авлига, санхүүгийн сүлжээний тухай ноцтой мэдээллүүдийг дэлгэлээ. Түүний ярьснаар, 2019 онд Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг тендергүйгээр “Бодь интернэшнл”-д шууд гүйцэтгүүлэх шийдвэр гаргаж, үүний цаана өндөр албан тушаалтнуудад нийт 110 сая ам.долларын авлига тараасан гэх асуудал бий. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Содбаатар, Б.Энхбаяр, Б.Баярсайхан, Б.Ганхуяг, Н.Удаанжаргал болон бусад нэр бүхий хүмүүсийг мөнгө авсан гэх зэргээр гэрчийн мэдүүлэг, зураг, бусад баримт байгаа талаар ярьсан юм. Хэрэв түүний ярьж буй зүйлс үнэн бол төрийн шийдвэр, стратегийн орд, төмөр замын бүтээн байгуулалт, сонгуулийн санхүүжилт хүртэл авлигын сүлжээнд холбогдсон байж болзошгүй гэсэн үг.

Х.Нямбаатар аа, та энэ бүхнийг хэзээ мэдсэн юм бэ?

2019 онд энэ үйл явдал өрнөж байхад Х.Нямбаатар улс төрөөс хол, ямар ч мэдээлэлгүй жирийн иргэн байгаагүй. Та төрийн өндөр албан тушаал хашиж, хууль зүйн салбарын шийдвэр гаргах түвшинд ажиллаж байсан хүн. Төрийн байгууллагын дотоод ажиллагаа, хууль бус шийдвэр, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх боломж, эрх мэдлийн механизм танд танил биш зүйл биш. Тэгвэл өнөөдөр дэлгээд байгаа энэ баримтууд хаана байсан юм бэ? Тэр үед ч байсан уу? Мэддэг байсан хэрнээ яагаад шалгуулаагүй юм бэ?

Шударга ёс гэдэг эрх мэдлээсээ салсан хойноо өрсөлдөгчөө илчлэхийг хэлдэггүй байх. Шударга ёс гэдэг өөрийн талын хүн байсан ч, өөрт нь улс төрийн ашигтай хүн байсан ч, эрх мэдэлтэй үедээ ч хууль зөрчсөн үйлдлийн эсрэг зогсохыг хэлдэг болов уу? Хэрэв та энэ бүхнийг мэдэж байсан бол тухайн үедээ яагаад ил гаргаагүй юм бэ? Харин өнөөдөр улс төрийн байр суурь, албан тушаал өөрчлөгдсөн үед яагаад гэнэт ийм зоригтой болчихов? Энэ бүхэнд хариулж чадахгүй бол өөрийгөө шударга ёсны төлөө тэмцэгч хэмээн харуулаад хэрэггүй байх. Х.Нямбаатарын дэлгэж буй мэдээллүүдийн хамгийн анхаарал татах хэсэг бол нэр дурдагдаж буй хүмүүсийн улс төрийн замнал, харилцаа, эрх мэдлийн хүрээлэл байв. Түүний мэдэгдэлд дурдагдаж буй хүмүүсийн зарим нь тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж, зарим нь стратегийн компанийн удирдлага, ТУЗ-д ажиллаж, зарим нь өнөөдөр ч эрх мэдэлтэй хэвээрээ байна. Өөрөөр хэлбэл, энэ бол төр, улс төр, бизнесийн харилцаа ямар механизмаар огтлолцож, нийтийн хөрөнгө хэрхэн хувийн ашиг сонирхлын золиос болж болзошгүйг шалгах шаардлагатай асуудал юм. Гэхдээ Х.Нямбаатар өөрөө ч энэ улс төрийн тогтолцооны гаднаас ирсэн хүн биш. Тэр бол олон жил төрийн өндөр албан тушаал хашиж, эрх мэдлийн төвд ажилласан улстөрч. Тэгэхээр өнөөдөр нэр дурдагдаж буй хүмүүсээс тайлбар нэхэж байгаа шигээ өөрөө ч энхийн цагаан тагтаа мөн эсэхээ дэнслүүлэх л учиртай.

Х.Нямбаатар тухайн үед тэдэнтэй ямар харилцаатай байсан, тухайн үед гарсан ямар шийдвэрүүдийг мэдэж байсан, хууль зүйн салбарыг удирдаж байхдаа энэ төрлийн хэргүүдийг шалгуулахын тулд арга хэмжээ авах гэж оролдсон уу? гэдгээ өөрөөсөө ядаж нэг удаа асууж үзээ болов уу? Энэ бол төрд ажиллаж байсан таниас нэхэх ёстой энгийн хариуцлага.

Монголын улс төрд нэг муухай жишиг тогтоод удаж байна. Хамт байхдаа бие биеийнхээ алдаа, хууль бус үйлдлийг мэдсэн ч дуугүй өнгөрдөг. Эрх ашиг нь зөрөхөөр л нөгөө талынхаа булхайг дэлгэж эхэлнэ. Тэгээд олон нийтийн өмнө өөрийгөө шударга ёсны төлөө тэмцэгч болгон харуулахыг оролдоно. Ийм улс төрийн соёлын хамгийн том хохирогч нь ард түмэн. Учир нь хэн нь хэнтэйгээ муудалцсанаас болж ямар мэдээлэл ил болж байгааг бид ялгаж салгаж чадахаа больчихсон байна. Нэг нэгнээ авлигачаар нь цоллоно. Тэгээд нэгнийхээ хууль бус үйлдлийг дэлгэж, нууцыг ярьж эхэлдэг. Энэ бүхний дунд хууль хаана байна вэ? Төрийн байгууллагууд яагаад улс төрчдийн хоорондын зөрчил хурцадсан үед л захиалгатай гэмээр мэдээлэл, баримт ил гаргадаг систем угсарчихав? Хэрэв Х.Нямбаатарын ярьж буй мэдээлэл үнэн бол тэр мэдээллийг өнөөдөр дэлгэсний төлөө бус, тухайн гэмт хэргийг илрүүлэхэд яагаад өмнө нь шаардлагатай арга хэмжээ аваагүй вэ гэдэгт ч хариуцлага яригдах ёстой. Хууль нэгэнд нь хатуу, нөгөөд нь зөөлөн үйлчилдэг байж болохгүй. Өөрийгөө шударга ёсны төлөө тэмцэгч мэтээр харуулж яваа Х.Нямбаатар ч хууль хяналтын байгууллагын шалгалтаас ангид байх ёсгүй. Түүний дэлгэж буй баримтыг шалгахын зэрэгцээ өөрт нь холбогдох асуудлыг ч хуульд заасан журмаар шалгах нь шударга ёсны зарчим биз.

Түүнчлэн АТГ арваннэгдүгээр сарын 9-нд “Бодь интернэшнл”-тэй холбоотой 110 сая ам.долларыг бэлнээр зарлагадан тараасан баримт одоогоор тогтоогдоогүй, харин урьдчилгаа төлбөрт 286 тэрбум төгрөг шилжүүлсэн гүйлгээ бүртгэгдсэн гэж мэдээлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд прокурорын зөвшөөрөлгүйгээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ ч мэдэгдсэн. Иймд Х.Нямбаатарын нэр дурдсан хүмүүсийг гэм буруутай мэтээр урьдчилан дүгнэх бус, түүний гаргаж тавьсан баримт бүрийг шалгах ёстой. Харин энэ шалгалт улс төрийн хэн нэгний хүсэлд захирагдах ёсгүй.

Монголын төрд хулгайчид орогноод байна уу?

Стратегийн ордын нүүрс, төмөр замын санхүүжилт, төрийн өмчит компанийн мөнгө, тендер, сонгуулийн санхүүжилт, оффшор данс, өндөр албан тушаалтнуудын нэр холбогдсон авлигын мэдээлэл нэг нэгээрээ хөвөрч байна. АТГ, прокурор, цагдаа, шүүхийн байгууллагууд энэ удаад хэн нэгний талд үйлчлэхгүйгээр, нэр хүнд, албан тушаал, улс төрийн нөлөөнөөс үл хамааран ажиллаж чадах эсэхээ харуулчихмаар байна. Хэрэв 110 сая ам.долларын авлига тараасан гэх мэдээлэл худал бол түүнийг баримтаар няцаах ёстой. Хэрэв үнэн бол хэн захиалсан, хэн дамжуулсан, хэн авсан, хэн хамгаалсан гэдгийг тогтоож, хариуцлага тооцох ёстой. Харин мэдээлэл өгсөн хүн өөрөө худал мэдүүлэг өгсөн, баримт нуун дарагдуулсан, эсвэл хууль бус үйлдэлд оролцсон нь тогтоогдвол түүнд ч адилхан хууль үйлчлэх ёстой. Х.Нямбаатар үндэсний баатар болох эсэх нь өнөөдөр хэн нэгнийг юу гэж нэрлэснээр шийдэгдчихгүй байх. Харин эрх мэдэлтэй байхдаа юу хийсэн, мэдэж байсан бол яагаад дуугүй байсан, өнөөдөр гаргаж тавьсан баримтаа хууль хяналтын байгууллагад өгч, шалгуулахад хэрхэн хамтран ажиллах вэ гэдгээр шударга эсэх нь бэлхэн харагдана биз.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ