MISS UNIVERSE MONGOLIA 2026: ҮНДЭСНИЙ ЯЛАГЧАА ЯАГААД СОЛЬСОН БЭ?
75 дахь удаагийн “Miss Universe” олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох үндэсний ялагчийг сольсон шийдвэр олон нийтийн анхаарлыг татаж, цахим орчинд маргаан дагуулаад байна.
“Miss Universe Mongolia 2026” үндэсний тэмцээний ялагчаар Э.Энхдэлгэрэх тодорч, олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болсон ч түүний оронд дэд байрт шалгарсан О.Намуунааг илгээхээр болжээ.
Энэ талаар Э.Энхдэлгэрэх цахим орчинд байр сууриа илэрхийлж, “Miss Universe Mongolia” тэмцээнийг зохион байгуулагчдаас өөрийг нь олон улсын тэмцээнд оролцуулаагүй шалтгаанаа албан ёсоор тайлбарлахыг хүссэн байна. Тэрбээр мөн ийм шийдвэр гэнэт гарсанд одоо хүртэл ойлгохгүй, шокноосоо гарч амжаагүй байгаагаа мэдэгдсэн юм.
Харин уг асуудалтай холбогдуулан “Miss Universe Mongolia” байгууллагаас албан ёсны мэдэгдэл гаргаж, үндэсний ялагчийг солих болсон шалтгаанаа тайлбарлав.

Тус байгууллагын мэдээлснээр үндэсний ялагч нь байгууллагатай байгуулсан гэрээний дагуу олон улсын тэмцээний бэлтгэл, зохион байгуулалтын бүх үе шатанд идэвхтэй хамтран ажиллах үүрэг хүлээсэн боловч шаардлагатай баримт материалыг тогтоосон хугацаанд бүрдүүлээгүй, бэлтгэл ажилд оролцож буй хамтрагчид болон холбогдох мэдээллийг бүрэн өгөөгүй зэрэг хүндрэл үүссэн байна.
Мөн байгууллагын зүгээс Instagram, WhatsApp болон гар утсаар удаа дараа холбогдохыг оролдож, хариу ирүүлэхгүй тохиолдолд үүсэж болзошгүй үр дагаврын талаар урьдчилан анхааруулсан ч оролцогчоос ямар нэгэн хариу, тайлбар ирүүлээгүй гэжээ.
Улмаар олон улсын тэмцээнд оролцох хугацаа ойртож, бэлтгэл ажлын шийдвэрлэх шатанд оролцогчтой харилцаа холбоо тогтоож чадаагүй тул үндэсний төлөөлөгчийг солих шийдвэр гаргасан байна.
Түүнчлэн үүссэн нөхцөл байдлыг “Miss Universe” олон улсын байгууллагад танилцуулж, үндэсний төлөөлөгчийг дэд байрын шагнал хүртсэн О.Намуунаагаар солих зөвшөөрөл авсан гэдгээ мэдэгджээ.
Харин Э.Энхдэлгэрэхийн эрүүл мэндийн шалтгаантай байсан гэх мэдээллийг байгууллага цахим орчинд нийтлэгдсэн мэдэгдлээс анх олж мэдсэн бөгөөд оролцогчийн зүгээс энэ талаар албан ёсны тайлбар ирүүлээгүй гэж тайлбарласан байна.
Ийнхүү нэг талд үндэсний ялагч шийдвэрийн шалтгааныг албан ёсоор тайлбарлахыг хүсэж байгаа бол нөгөө талд зохион байгуулагч байгууллага гэрээний үүрэг, хамтын ажиллагааны явцад үүссэн нөхцөл байдлыг үндэслэл болгон төлөөлөгчөө сольсон гэж мэдэгдлээ.
Олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөх эрхийг авсан үндэсний ялагчийг ямар нөхцөл, үндэслэлээр сольсон, уг шийдвэрийн талаар талуудын байр суурь хэрхэн зөрж байгаа нь одоогоор олон нийтийн анхаарлын төвд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ