
ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхантай ярилцлаа.
-Манай улс ЮНЕСКО-д хэчнээн өвийг бүртгүүлээд байна вэ?
-Монгол Улс1962 онд ЮНЕСКО-д нэгдэж орсон. Энэ жил 50 жилийн ой тохиож байна. ЮНЕСКО-ын голлох дөрвөн салбар бий. Энэ нь соёл, боловсрол, шинжлэх ухаан, харилцаа холбоо юм. ЮНЕСКО-д нэгдэж орсноос хойш Монгол Улсын дээрх дөрвөн салбарт нэлээд ахиц гарч, гишүүн 192 оронтой хамтран ажиллаж, тэр хэмжээгээрээ ололт амжилтаа бататгаж явна. Үүнээс соёлын салбарт нэлээд олон ажил хийгдсэн. Нийтдээ хоёр конвенцид нэгдэж ороод байна. 1972 оны дэлхийн өвийн конвенцид нэгдэж орсон. Үүний дараа байгалийн болон соёлын өвөө бүртгүүлсэн.
-Тодруулж хэлэхгүй юу. Ямар ямар газрыг бүртгүүлсэн юм бол?
-Соёлын өвөөр Хархорины Орхоны хөндийн өвийг бүртгүүлсэн. Мөн Увс нуурын сав газрыг дэлхийн байгалийн өвд бүртгүүлсэн. Хамгийн сүүлд 2011 онд Алтай хадны сүг зургийг соёлын өвд бүртгүүллээ.
-Биет бус өвөөр цөөнгүй өвийг бүртгүүлсэн байх аа?
-Дэлхийн биет бус соёлын өвийн конвенци 2003 онд батлагдсан. Энэ конвенци батлагдаж, Монгол Улс морин хуурь, тууль гээд биет бус есөн өвийг бүртгүүлээд байна. Хамгийн сүүлд өнгөрсөн 11 дүгээр сард лимбэний битүү амьсгааг бүртгүүллээ. Одоо албан ёсоор гэрчилгээ хүлээж авахаар бэлдэж байна. Үүнээс гадна дэлхийн дурсамжит өв гэж байдаг. Дурсамжит өвийн 20 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэ өвд хоёр өвийг бүртгүүлсэн. Үүний нэг нь " Монгол Шунхан данжуур", нөгөө нь Лу "Алтан товч".
-Ер нь ЮНЕСКО-д өв соёлоо бүртгүүлэхийн ач холбогдол нь юу байдаг вэ. Түүнээс гадна зөвхөн бүртгүүлээд орхих биш, хадгалж хамгаалах нь чухал асуудал?
-Ач холбогдлын хувьд өөрсдийнхөө өв соёлыг дэлхий нийтэд сурталчилах, хадгалж хамгаалах, хариуцлагаа нэмэгдүүлж, үүргээ хүлээж байна. Нөгөө талаасаа монголчуудын бий болгож, бүтээсэн өв соёл, уламжлалыг хадгалж хамгаалах үүргийг дэлхийд хүлээлгэж байгаа юм.
-Ойрын хугацаанд манай улс ямар өвөө бүртгүүлэхээр төлөвлөж байна ?
-Биет бус өвөөр бүртгүүлэхээр хэдэн хэдэн судалгаа, материал, мэдүүлгээ өгчихсөн байна. Нийтэд хараахан зарлаж болохгүй. Яагаад гэвэл яг батлагдаагүй, судалгааны түвшинд байгаа учраас. Нөгөө талаасаа өрсөлдөөн ч гэдэг юм уу, адил зан заншилтай орнууд түрүүлээд бүртгүүлчих вий гэсэн асуудал бий. Сүүлийн үед улс орнууд өрсөлдөж, өв соёлоо бүртгүүлэхийг хичээх болсон. Гэтэл ЮНЕСКО-гийн боловсон хүчний чадавхи, ачааллаа дийлэхгүй байгаа зэрэг шалтгаанаас болоод жилд нэг улсаас нэг л мэдүүлэг авч, түүнийгээ судлагаа хийгээд явбал яасан юм бэ гэсэн хандлагатай ажиллаж байна.
-Нэг өвийг бүртгүүлэхийн тулд мэдүүлгээ өгөөд хэдий хугацааны дараа бүртгэж авдаг юм бол?
-Мэдүүлгээ өгсний дараа ажлын хэсэг гарна. Үүний дараа нэг жилдээ шинжилгээ судалгаа хийж, 1-2 жилийн дараа албан ёсоор бүртгэж авдаг.
-Манай улс 12 өвөө бүртгүүлсэн гэж та хэлсэн. Энэ нь бусад оронтой харьцуулахад их тоо юу?
-Тийм ч бага биш. 40-50 өв соёлоо бүртгүүлсэн орон ч байна. Бүр нэг ч өв соёлоо бүртгүүлээгүй орон ч байна. Өв соёл уламжлал ихтэй хэрнээ нэгийг ч бүртгүүлж чадаагүй улсууд байна. Саяхан Камбожи улсад явж байхад тус улс ердөө хоёрхон өв соёлоо бүртгүүлсэн байна. Камбожи чинь өв соёл ихтэй шүү дээ.
Дэлхий дахинд сүүлийн үед усан доорхи соёлын өвийг хамгаалах тухай асуудал ихээр яригдаж байгаа. Манайх хараахан конвенцид нэгдэж ороогүй. Яагаад гэвэл манай улс усаар хүрээлэгдээгүй. Тэгсэн хэдий ч манайтай холбоотой өвүүд гарч ирсээр байна. Тухайлбал, Японд Хубилай хааны цэргийн усан флотын сүйрэлтэй холбоотой олдвор олдлоо.
-Манай өв соёлыг бусад улсууд тэр дундаа хятадууд бүртгүүлэх гээд байна, бүртгүүлчихлээ гэсэн хэл ам гараад байдаг. Тухайлбал, хөөмий?
-Өмнөд хөршид монгол үндэстэн амьдарч байна шүү дээ. Тэр хүмүүс чинь өөрийн гэсэн өв соёлтой. Тэд Хятад улсын харъяанд байгаа тул тэр улсаараа дамжуулж бүртгүүлнэ. Хятад улсаас бүртгүүлсэн өвүүд байгаа, тэрний араас манайх бүртгүүлсэн нь байгаа. Хамтын эзэмшиж байгаа өвүүд ч бий.
-Хамтын өвд тухайлбал юу юу ордог вэ?
-Морин хуур, уртын дуу, хөөмий
. Аливаа өвийг нэг улс дангаараа бүртгүүлэхээс илүү хоёроос дээш улс мэдүүлэг гаргаж, бүртгүүлэхэд илүү ач холбогдол өгдөг. Жишээ нь Шувуучилахуй буюу бүргэдийн баярыг бараг 10-аад орон бүртгүүлсэн байдаг. Сүүлийн үед Төв Азийн орнууд Торгоны замыг бүртгүүлэхээр ярьж байгаа. Энэ ажил судалгаа, яриа хэлэлцээрийн түвшинд явж байна. Манай улс үүнд оролцох сонирхолтой гэдгээ илэрхийлсэн.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ